Сангийн сайд Б.Жавхлан вакцинжуулалтын санхүүжилтэй холбоотой дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр, "Сангийн яам вакцины төлбөрийг бүрэн хариуцаад явж буй. Төлбөр тооцоон дээр ямар нэгэн саадгүй. Манай улс өнгөрсөн онд КОВАКС хөтөлбөрт хамрагдаж байгаагаа зарласан. Гэхдээ долдугаар сарын сүүлээр вакцинаа нийлүүлэх болчихоод байна. Тиймээс бид наана нь вакцин худалдан авч байна. Одоо хийж байгаа БНХАУ-ын вакциныг худалдан аваад иргэдээ дархлаажуулж байгаа юм. Тавдугаар сарын дундуур Улаанбаатар хотын насанд хүрсэн хүмүүсээ нэгдүгээр тунгаа бүрэн хамруулах, шаардлагатай хүмүүсийнхээ хоёр дахь тунг хийх төлөвлөгөөтэй явж байна. Дахин вакцин татан авах шаардлагатай байгаа. Зургадугаар сарын дундуур гэхэд 60 хувиа бүрэн дархлаажуулна.
ОХУ-ын спутник-V вакцины үйлдвэртэй вакцин худалдан авах гэрээ хийсэн. Тус вакцины үйлдвэрт асуудал үүссэн тул татан авалт хүлээгдэж байна. Энэ долоо хоногт вакцины эхний татан авалтаа хийх тал дээр хоёр талаас бүх хүчин чадлаа дайчлан ажиллахаар болж, манай улс вакцин тээвэрлэн авчрах онгоцоо бэлдсэн. Дотооддоо үйлдвэрлэл нь тасраад, асуудалтай байгаа учраас өдөр хоногоо хэлж чадахгүй хүлээчихлээ. ОХУ-ын Элчин сайд энэ долоо хоногт эхний татан авалтыг хийхийн тулд ажиллана гэдгээ илэрхийлсэн" гэдгийг онцлон хэлэв.