Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Бодлого, төлөвлөлтийн газрын дарга Ц.Болорчулуунтай манай улсад ашиглаж буй зоорь болон элеваторын багтаамж, хүрэлцээний талаар ярилцлаа.
-Төмс, хүнсний ногооны хангамж, үнэ тогтвортой байх нь зоорийн багтаамжтай холбоотой. Улсын хэмжээнд хэдэн тонн ногоо хадгалах зоорь, зориулалтын агуулах ашиглаж буй бол. Энэ нь хангамжийг хэвийн байлгахад хүрэлцэж байна уу?
-Жилийн дөрвөн улиралд үнэ нь төдийлөн өөрчлөгддөггүй, нийлүүлэлт буурдаггүй бүтээгдэхүүн бол төмс. Энэ нь хадгалах зоорийн хомсдол үүсээгүйтэй холбоотой. Харин хүнсний ногоог урт хугацаанд нөөцлөх байгууламж дутмаг учраас үнэ нь хэлбэлздэг. Одоогоор бид хураасан хүнсний ногооныхоо 60 хувийг л дараагийн ургац хураатал хадгалж байна. Улсын хэмжээнд 220 000 орчим тонн багтаамжтай зоорь бий. Үүнийг 150 000 тонноор нэмэх шаардлагатай.
-Зоорь, зориулалтын агуулах ашиглалтад оруулахад хэдий хэр хөрөнгө зарцуулдаг вэ. Ойрын хугацаанд нэмж барих боломж бий юү?
-1000 тонн багтаамжтай зоорь, агуулах барихад технологиосоо хамаарч 1-2 тэрбум төгрөг шаардлагатай. Польш улсын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр 8500 тонн хүнсний ногоо хадгалах зориулалтын байгууламж барих боломж бий. Улаанбаатарын ойр орчимд болон газар тариалан эрхэлдэг аймгуудад байгуулахаар төлөвлөсөн. Энэ онд багтаан, санхүүжилтийг нь шийдвэрлэхээр хоёр тал ажиллаж байна. Ажил ахицтай болбол илүү тодорхой мэдээлэл өгье. Зоорь, агуулахад зарцуулахаар яригдаж буй санхүүгийн эх үүсвэр одоогоор үүнээс өөр байхгүй.
-Төрийн сангаас хөрөнгө гарган барьж болохгүй юу. Гадаадын тусламжаар ажлаа явуулахаар төлөвлөнө гэдэг хэр зөв бодлого вэ?
-Дээр дурдсан Польш улсаас санхүүжилт авах асуудлаар багагүй хугацаанд ярилцан, хоёр орны Засгийн газар хоорондын яриа хэлэлцээг эхлүүлсэн. Ажил хэрэг болбол төрөөс олгох хөнгөлөлттэй зээлийн нэг хэлбэр болно.
-Өртөг өндөртэй учраас зоорийн багтаамжийг хангалттай хэмжээгээр нэмж чаддаггүй байх нь. Иргэд, аж ахуйн нэгжүүд шинээр барья гэвэл ямар ч санхүүжилт өгөхгүй юм байна, тийм үү?
-Зоорь, зориулалтын агуулахын хэмжээг 2011 оноос жил бүр 10-20 мянган тонноор ахиулсаар дээрх дүнд хүргэсэн. Манай улсад жил бүр авах ургацын хэмжээ өсөн, хэрэглээ ч нэмэгдэж байгаа учраас багадаа 150 000 тонн ногоо хадгалах агуулах шаардлагатай гэж тооцсон. Тиймээс иргэд, компаниуд зоорийн аж ахуй эрхлэн мөнгө олох боломж бий. Аль ч зээлийг арилжааны банкаар дамжуулж олгодог тул хийх ажлынхаа төлөвлөгөөг юуны түрүүнд банканд танилцуулах ёстой. Үүний дараа хөнгөлөлттэй зээл, тусламжид хамрагдах боломж бий, эсэх нь шийдэгдэнэ. Нэмж хэлэхэд, “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын төлөвлөгөө”-ний хүрээнд олгож буй ажлын байрыг дэмжих, жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх зориулалттай зээлээс авч болно шүү дээ. Түүнээс зөвхөн зоорь, агуулах барихад зориулж зарцуулах хөрөнгө гэж төсөвлөөгүй.
-Агуулах, зоорь барихаар зээл аваад зориулалтаар нь ашиглаагүй тохиолдол байгаа юу?
-Зээлийн зарцуулалтад арилжааны банкууд хяналт тавьдаг. Их хэмжээний зээл аваад зориулалтаар нь ашиглаагүй гэсэн мэдээлэл сонсоогүй. Харин хувь хүмүүс өөрсдийн барьсныг шинэчлэх, өргөжүүлэхээр 3-5 сая төгрөгийн зээл авдаг юм билээ. Зарим нэг нь өргөжүүлээгүй нь тогтоогдон, зохих арга хэмжээг нь авсан дуулдсан. Салбарын яам оролцох асуудал биш.
-Одоо ашиглаж буй зоориудад бүтээгдэхүүн хадгалах өртөг өндөр байдгаас ногоочдод ашиггүй болж, намарт ургацаа хямд үнээр борлуулаад дуусгадаг гэдэг. Энэ талаар юу хэлэх вэ?
-Төрөөс ногоочид болон зоорины эзэд хооронд зуучилна гэж байхгүй. Үйлчилгээний хөлс зах зээлийн зарчмаар л тогтоно. Өнгөрсөн онд дийлэнх агуулах, зооринд нэг кг ногоог нэг сар хадгалахад 60-120 төгрөг төлсөн гэсэн. Хэрэв урт хугацаанд, их хэмжээний бүтээгдэхүүн хадгалуулбал үнэ нь хэлбэлздэг юм билээ.
-Зооринд тавих стандартын шаардлага байдаг уу. Шаардлага хангаагүй нөхцөлд бүтээгдэхүүн хадгалж, улмаар хортой хий үүсгэн, хүнсний аюулгүй байдлыг зөрчиж байна гэх юм.
-2020 оны байдлаар улсын хэмжээнд 62 мянган тонн ногоо хадгалах механикжуулсан, автомат удирдлагатай, хөргөлттэй 14 агуулах ашиглаж байж. Тэгэхээр үүнээс бусад нь стандартгүй зоорь гэсэн үг. Стандартын агуулахуудад бидний хэлж заншсанаар нарийн ногоо голдуу хадгалдаг. Харин стандартгүй буюу энгийн, нүхэн зоориудад төмс, манжин, луувангаа нөөцөлдөг гэсэн үг. Гэхдээ ийм зооринд ногоо хадгалж болохгүй гэсэн үг биш. Дулаалж, тохижуулсан, агааржуулалтыг нь шийдсэн, шаардлага хангахуйц хийцтэй байдаг. Зоориноос шалтгаалж хүнсний аюулгүй байдал зөрчигдсөн, эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөхүйц бүтээгдэхүүн нийлүүлсэн гэж сонсоогүй.
-Элеватор барих төлөвлөгөө бий юү. Элеваторын багтаамж хэр байгаа бол?
-Улсын хэмжээнд 520 000 орчим тонн үр тариа хадгалах боломжтой элеватор бий. Үүний 186.5 мянган тонн нь Хөдөө аж ахуйг дэмжих сангийн мэдэлд байгаа бол үлдсэн нь хувийн хэвшлийнх. Энэ нь сүүлийн жилүүдэд авч буй ургац, үрийг бүрэн хадгалах боломж бүрдүүлж байгаа. Цаашид орон нутагт буюу Увсын Баруунтуруун сумд 10 000, Дорнод аймгийн төв орчимд 10 000 тоннын багтаамжтайг барихаар төлөвлөн, зураг төслийг нь гаргасан. Энэ онд багтаан ажлыг нь эхлүүлнэ гэж тооцож байгаа.
-Хэдэн төгрөгийн өртгөөр барих бол. Санхүүжилтийг нь хаанаас гаргах вэ?
-Дэд бүтцийн хамт барихад 6-7 тэрбум төгрөг шаардлагатай. ОХУ-ын хөнгөлөлттэй зээлээр барихаар болсон. Харин бид өөрсдийн хөрөнгөөр суурийн ажлыг нь эхлүүлэн, тухайн орон нутаг дахь бэлтгэлээ базаах ёстой. Эл хөрөнгийг төсвөөс гаргуулахаар яриа хэлэлцээ хийж эхэлсэн.
-Орон нутагт барьснаар ямар үр дүнд хүрэх бол. Одоо бүтээгдэхүүнээ хаана хадгалдаг гэсэн үг вэ?
-Увсынхан Өвөрхангай аймгийн Хархорин сум руу 1000 орчим км тээвэрлэн гурилын үйлдвэрүүдэд будаагаа өгч, үрээ хадгалуулдаг. Дорнод аймагт барьснаар зүүн бүсийнхний улаан буудайн тээвэрлэлт, хадгалалтын зардлыг хэмнэн, газар тариалангийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг өсгөх боломж бүрдэх юм.