ҮҮХ ТҮҮХ
Оросын түүхэн дэх ихээхэн зөрчилтэй, учир нь олдоход төвөгтэй хүмүүсийн нэг Гиргорий Ефимович Распутин 1869 онд төржээ. Хааны гэр бүлийг Екатеринбургт хүйс тэмтэрсэн хэрэг явдлыг олон жил мөрдсөн Николай Алексеевич Соколов 1924 онд Парист алуулав. Тэрбээр гэрчийн мэдүүлэг өгөхөөр асар ихийг цуглуулсны дотор нэлээд нь Григорий Распутинтэй холбоотой байсан гэдэг.
Николай Соколов 1920 оны зургадугаар сарын 16-нд Парист очсон байна. Мөрдөн шалгах ажлынхаа тайлан болгож найман боть материал шүүхэд өгөхөөр бэлтгэжээ. Түүнийхээ зарим хэсгийг 1924 онд франц хэлээр нийтлүүлсэн аж. Удалгүй түүний цогцсыг олсон байна. Соколов 42 настай байв. Үхлийн шалтгааныг тогтоосонгүй. “Хааны гэр бүлийг устгасан нь” гэдэг ном 1925 онд Францад хэвлэгдлээ. Гайхалтай нь 1924, 1925 онд франц, орос хэлээр гаргасан номд өгүүлсэн баримт хоорондоо зөрүүтэй. Хоёр дахь номыг нь хөндлөнгийн хүмүүс илт засварласан гэхээр. Тэгэхдээ ямар ч байлаа гэсэн Распутиний тухай Соколовын өгүүлсэн дотор сонирхолтой мэдээлэл их болохоор түүнээс олны сонорт хүргэхээс аргагүй. Гэхдээ “Бүх баримтыг би мэднэ, түүгээр уламжлан бүх үнэнийг бичсэн гэж би хэлж чадахгүй” хэмээн мөрдөн байцаагч Соколов өөрөө үзсэнийг эрх биш анзаарваас зохилтой.
Эзэн хаан II Николай, түүний хатан хоёрын тухайд Соколов “Эрхэм дээдсийн хооронд ааш зангийн аливаа зөрчил ер байгаагүй. Эзэн хаан эсэргүүцэлгүйгээр хатандаа буулт хийнэ. Олж авсан боловсролоос нь үүдэлтэй түүний аядуу эелдэг зан нь хатныхаа хатуу, эзэрхэг байдалд эрхгүй захирагддаг байсан” гэж тэмдэглэжээ. Цааш нь “Хатан хааны хувьд Распутин хэн байв. Энэ асуултад хариулах гэж би их хичээсэн. Харилцан адилгүй хайр сэтгэл дээр бий болсон хосын дундаас хүүхэд гарсан тохиолдолд л аз жаргалтай байдгийг үгүйсгэж болно гэж үү. Хатан хаан хүүхэд төрүүлсэн. Тэр энхрий хайртай эх байсан. Гэхдээ тэрбээр эх гэхээсээ илүү хатан хаан байсанд эргэлзэх юун” хэмээн тодруулсан байна. Бидний мэдэхээр хааных Ольга, Татьяна, Мария, Анастасия гэсэн дөрвөн охинтой байв. 1904 онд энэ айлд ганц хүү төрсөн нь ханхүү Алексей Николаевич юм. Харамсалтай нь, энэ хүү эхийн талаас удамшсан цус бүлэгнэх гэдэг ховор айхавтар өвчтэй байлаа. Хүү заяахыг хүлээсэн он жилүүд хатан хааны мэдрэлийн системд нөлөөлсөн аж. Хүү хоёр сар ч болоогүй байхад хүйснээс нь цус гарах болсноор эмгэгтэй гэдэг нь аяндаа тодорхой болжээ. Хаан ширээ залгамжлагчийн хаа нэгтээ шалбарах, нарийн судас эсгэгдэх зэрэг ердийн хүнд бол хөхрөөд өнгөрөх төдий зүйлд л Алексей дотуур цус алдаад тогтохоо байна. Хаан ширээ залгамжлах хүү төрөхийг хэчнээн удаан хүлээсэн билээ, тийм болохоор тэр нь хүнд өвчтэй нь илт болоход ямар хүнд цохилт болсон гээч. Ташрамд хэлэхэд, хааны хатны гэр бүлийнхнээс энэ өвчнөөр өвөө, ах, хоёр үеэл нь өөд болсон байв. Бяцхан үрийнхээ зовлон шаналлын шалтгаан нь чухамхүү өөрөө болохоор Александра Фёдоровна улам ч тарчилна. Хүү нь маш хөдөлгөөнтэй, хэчнээн сайн харж хандлаа ч түүний алхам бүрийг урьдчилан таамаглаж үл чадна. Өчүүхэн төдий сэрэмж алдахад л удтал хүлээлгэж байж ирсэн цорын ганц, бүхнээс эрхэм ханхүү нь амиа алдах аюултай.
Хүү том болох тусам өвчин нь түүнийг тэсэхийн аргагүй шаналгаж, эрэмдэг, зэрэмдэг амьтан болгосоор байлаа. Эх нь өдөржин, шөнөжин залбиравч тус болохгүй, өвчин даамжирч, хямрал үргэлжилсээр. Хүүгээ аврах хүнийг Александра Фёдоровна хайх болов. Тийм хүнээ олж чадахгүй л байв. Гэвч тийм хүн олдсон, тэр нь Сибирийн Григорий Распутин гэгч эр байлаа. Түүнийг хааны ордонд залж авчрав. Тэр хүн ханхүүгийн амийг аврахаар мөргөж, залбирч эхлэх нь тэр. Хүүгийн бие эрхбиш сайжирч, гайгүй болж эхлэх шиг. Хааны гэр бүлийн асрагч эх Александра Теглева хааны хатны тухай “Тэр байнга залбирна, маш шүтлэгтэй. Түүн шиг сүсэгтэй хүнийг үзээгүй. Мөргөж залбираад юунд ч хүрч болно гэдэгт тэр үнэхээр итгэдэг байсан. Чухам энэ шалтгаанаар ч Распутин хааны ордонд хөл тавьсан” гэж ярьжээ.
Ханхүүгийн багш Пьер Жильяр “Олон жил ажигласны эцэст хааны гэр бүлд Распутин нөлөөлсөн шалтгааныг тайлбарлахыг би оролдсон. Тэгээд энэ хүн хааны ордонд ирсэн нь Алексейн эмгэгтэй холбоотой гэдэгт бүрэн итгэсэн л дээ. Хайрт ганц хүү нь аюултай өвчнөөр шаналж байхад шинжлэх ухаанаас аврал эрээд нэмэргүй гэж үзсэн эх хүн бурханд хандсан. Гэлээ ч сүсэг бишрэл нь түүний хүсэн хүлээснийг өгөөгүй. Ид шид мэт зүйл ч тохиолдсонгүй. Алексей хүүгийнхээ өвчин хүндрэх үед нь энэ хүнд хандаж, тэрбээр мөргөж залбирвал түүнийг бурхан сонсоно гэх бодол Распутинтэй танилцахад хатанд төрсөн. Распутиний мөргөл залбиралд итгэж, энэ хүн амьд байвал хүү нь үхэхгүй гэдэгт итгэх ёстой гэж үзсэн. Распутинийг байхад хүүгийнх нь бие сайжраад байх шиг санагдана. Энэ итгэл нь түүнийг тайвшруулдаг. Распутин өөрийг нь бурхантай холбож байна гэдэгт хатан үл эргэлзэнэ. Яагаад гэвэл тэр ганцаар мөргөж залбираад ямар ч үр дүнд хүрэхгүй байсан. Хааны гэр бүлийнхэн Распутинийг бараг л хутагт хувилгаан гэж үзэж байв. Тэдэнтэй дөрвөн жил хамт амьдарсны эцэст би ийм баримт хэлж чадна. Тэд надад сайн ханддаг байсан, тэгэхдээ миний дэргэд Распутиний талаар амнаасаа ганц ч үг унагаж байгаагүй. Намайг протестант шашинтны хувьд Распутинд тэдний хандаж буйг ойлгохгүй байж мэднэ гэж болгоомжилдог. Үүнийг нь би ойлгосон” гэж ярьсан нь бий.
Хатны өрөөний ахлах үйлчлэгч асан Магуалина Францевна Заноттийн ярьснаар бол Александра Фёдоровна ер нь их шүтлэгтэй хүн байсан бөгөөд тэр нь яваандаа улайрсан мухар сүсэг болсон байна. Чухам тэр үед нь Распутин гарч иржээ. “Тэрбээр мөргөл залбирлын онцгой авьяастай, түүнийхээ хүчээр бүх хүслийг нь биелүүлнэ гэдэгт итгэдэг. Алексейн өвчин хааяа намддагийг ердөө түүний залбирлын үр дүн гэж итгэнэ. Распутингүйгээр хатан нэг ч алхахгүй” гэж Соколов дүгнэжээ. “Түүний хүч шавхагдаж байлаа. Цаашид амьд явахад нь тулах юм хэрэгтэй байв. Хэн тулгуур болж чадах вэ, шинжлэх ухаан хүүг нь аварна гэж амлаж чадахгүй байсан. Харин намайг амьд байхад хүү чинь үхэхгүй гэж Распутин амласан юм”.
Түр Засгийн газрын Мөрдөн шалгах онцгой комиссын ажилтан Владимир Михайлович Руднев бас мөрдөн шалгасан аж. Үүнтэй холбогдуулан Соколов “Оросын улс төрийн амьдралд Распутин нөлөө үзүүлж байсан уу. Рудневийн шууд зорилго нь энэ байсан учраас үүний хариуг түүнээс олно гэж би бодож байсан. Улс төрийн ажил үйлсэд Распутин хөндлөнгөөс оролцсон гэх нотолгоо олоогүй” гэж тэр өөрийн дүгнэлтэд өгүүлсэн. Үүний зэрэгцээ ордонд Распутиний нөлөө асар их хэмээн Руднев хүлээн зөвшөөрч байв. Тэрбээр хааны гэр бүлийн шүтлэгийн тухай ярихдаа үүнд Распутин нөлөөлсөн гэж хэлдэг байж. Распутинийг хааны итгэлийг ухаалгаар ашиглагч гэж Руднев нэрлэсэн байдаг. Соколов цааш нь “Улс орны хэрэгт Распутиний “шууд” оролцоо мэдээж байгаагүй. Хувийн чанарыг нь бодолцвол тэр улс төрийн тавцан дээр ил гарч ирж чадахгүй байсан. Гэхдээ гадна өнгөндөө нууц хэрнээ үнэн хэрэг дээрээ нөлөө нь асар их. Бага багаар ахисаар зөвхөн эзэн хааны гэр бүлийн хувийн амьдралд л нөлөөтэй төдий хүн байхаа больсон. Төрийн хамгийн дээд албан тушаалтныг томилоход ч яваандаа оролцох болсон гэж нотолж байжээ. 1920 оны наймдугаар сард Парист байцаагдсан Распутиний охин Матренагийн үгнээс санаа авч Соколов тайлбарлахдаа “Өдөр бүр Распутин дээр 300-400 хүн ирдэг байсан” гэжээ. Дээр өгүүлсэн Пьер Жильяр “Эхлээд Распутиний нөлөө хааны гэр бүлийн хувийн ашиг сонирхлоос хальдаггүй байв. Удалгүй айхавтар нөлөөтэй болж, үхэн үхтэлээ түүнийгээ хадгалсан. Улмаар нөлөө нь улс орныг жолоодох хүрээнд тархсан. Протопопов түүний ачаар томилогдсоныг би мэднэ. Тэрбээр хатан хаанаар уламжлан нөлөөгөө тэлж байсан. Гэхдээ эзэн хаанд ч хэрэгтэй хүн болж харагдах болсон” гэж мэдүүлсэн байдаг. Дайн зарлах асуудлаар эзэн хаан Распутинээс зөвлөгөө авч байсан гэж Пьер Жильяр нотолдог байв.
Соколов “Шаналсан эхийн сэтгэлийг Распутин хоёр гурван удаа хуурч болно, олон жил итгэж чадахгүй. Ханхүүгийн өвчний шалтгаан, илрэх шинж тэмдэг нь тухай бүртээ адил байв. Эхлээд унаж гэмтэнэ, хавдар үүснэ, тэр нь хатуурна, дараа нь бие нь бүхэлдээ саажиж, маш их өвдөнө. Өвчтөний хажууд эмч Деревенко байнга байж, хүүг тайвшруулахыг, өвчнөөс үүдэлтэй хямралыг намжаахыг бүхий л талаар хичээж, заримдаа үр дүнд хүрдэг ч ээж нь шинжлэх ухаанд огт найдахгүй, зарим нэг түр зуурын ч гэлээ ахицыг гагцхүү Распутинтэй холбож үзнэ. Тэгвэл хүүгийн өвчин “хөдөлж” хямарсан үед Распутин чухам юу хийдэг байв. Тэрбээр өвчтөний дэргэд байж өвчний явцыг нь ажиглаж, шаардлагатай үед хэрэгтэй үгийг хэлэх ёстой. Миний бодлоор чухам үүнд л түүний үүрэг оршиж байсан” гэж бичжээ. Мөнөөх Магдалина Занотти өгсөн мэдүүлэгтээ “Анхны удаа ирэхдээ Алексейн өвчинд Распутин хэрхэн нөлөөлснийг би хэлж чадахгүй. Харин хожим нь өвчин яг намжиж эхэлж байхад л тэр ирдэг болох нь надад анзаарагдсан” гэсэн байдаг. Соколов болохоор “Ордонд түүнд мэдээлэгч байх, эсвэл хэрэгтэй мэдээллийг хэзээ ч өгөхөд бэлэн гар хөлийн үзүүр түүнд хэрэгтэй байсан. Распутин анхны мэдэгдэхүүнгүй болохоор анагаах ухааны мэдлэгтэй мэдээлэгч хүүгийн дэргэд байх шаардлагатай байв” гэж үзжээ.
Бодит байдал ийм л байж. Хааны ордонд бүх л хар бор ажлыг нь хийдэг, хатан Александра Фёдоровнагийн их ойрын хүн Анна Александровна Вырубова гэж Распутинийг ихэд дээдэлдэг нэг эмэгтэй байсан аж. Тэрбээр Соколовын үзсэнээр “Распутиний мэдэлд бүрэн орсон хүн байв. Тэгээд ч түүний золиос болжээ. Эцсийн эцэст хааны хатны хажууд ердөө хоёр хүн үлдсэн нь Распутин, Вырубова хоёр юм байна.
Соколовын тэмдэглэснээс үзвэл Төвөдийн анагаах ухааны эмч Петр Александрович Бадмаевтай Распутин нягт хэлхээ холбоотой байжээ. Энэхүү Бадмаевт сэтгэцийн хямралын хүчийг сулруулдаг, цус алдахыг нэмэгдүүлдэг, бүр зогсооход ч нөлөөлдөг ургамал байдгийг язгууртан Юсупов гэгч Распутинд ярьжээ. Пьер Жильяр нэгэн мэдүүлэгтээ “Алексейн өвчин ямар байгааг Вырубовагаас мэдчихээд Распутин эхлээд Бадмаевтэй ярьж тохироод, дараа нь өвчтөний биеийн байдал гайгүй болох яг тэр агшинд орных нь хажууд ирнэ. Хүүгийн бие ийн байсхийгээд сайжирдаг. Хааны хатан болохоор энэ бүхнийг огт мэдэхгүй, Распутин л нөлөөлөөд байна гэж үзнэ. Распутиний нөлөө гэж ийм л юм байсан даа” гэсэн байдаг. “Түүний үйл ажиллагаа хуурч мэхлэх дээр үндэслэж байсан. Сүүлдээ тэр бүр даварсан. Хааны хатанд чухал хүн болмогцоо “Намайг амьд байлгавал хүү чинь амьд байна” гэж заналхийлэх аясаар хандах болсон. Хатны сэтгэхүйд нөлөөтэй болох тусмаа айлгаж сүрдүүлэх нь бүр хүчтэй болсон”. Энэ бол цуглуулсан мэдээлэл дээрээ түшиглэн хийсэн Соколовын дүгнэлт.
Распутинийг 1916 оны аравдугаар сарын 17-ны шөнө язгууртан Феликс Фёдорович Юсупов, Төрийн Думийн гишүүн Владимир Митрофанович Пуришкевич хоёр алжээ. Юсупов гол үүрэг гүйцэтгэсэн байна. Тэрбээр Распутиний араас удаан ажиглаж, амийг нь хороох төлөвлөгөө зохиосон аж. Энэ зорилгоор Распутинтэй байсхийгээд уулзаж, итгэлийг нь хүлээжээ. 1921 оны нэгдүгээр сарын 3-4-нд Соколов Парист Юсуповыг байцаахад “Намайг түүнтэй байхад хааны тосгоноос утсаар байсхийгээд дуудна. Төрийн хамгийн чухал асуудлыг хэлэлцэхээр дуудсаныг нь би түүнээс өөрөөс нь мэдэж авна. Чухам түүний сонголтоор л сайд, армийн дарга нарыг томилдог байсан юм билээ” гэж хэлжээ. Хааны ордныхон Распутинд тун тааруухан хандлагатай болжээ гэж мөрдөн байцаалтын материалаас үзэж болохоор. Мөрдөн байцаагч Рудневийн бичсэнээр бол Распутинийг алсны дараа түүнээс мөнгө төгрөг гэх юм юу ч олоогүй аж. Харин Соколов Төрийн банкны Тюмений салбарт Распутиний дансанд 150 мянган рубль байсныг тогтоосон байна. Бас Москвад тэрбээр бусдаар зуучлуулан том байшин худалдаж авсныг нь нотлох баримт олжээ. “Түүнийг үзсэн, харсан хүмүүс бүдүүлэг, залхаг заваан, эмх замбараагүй эрийн тухай л ярьдаг. Түүнийг ухаантай гэж хэн ч хэлдэггүй, харин зальтай болохыг бүгд баталдаг” гэж Юсупов нотолжээ. “Шүтлэг бол муу муухай юмаа далдалдаг халхавч байсан. Хорон муу санаа нь хүмүүсийг боолоо болгох үлэмж их хүч чадлыг түүнд өгдөг байсан” гэж Юсупов мэдүүлжээ.