Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатараар ахлуулсан “Оюутолгой” төслийн гадаадын хөрөнгө оруулагч талтай хэлэлцээ хийх ажлын хэсгийнхэн “Рио тинто” группийн төлөөлөлтэй өчигдөр анх удаа нүүр тулсан уулзалт хийлээ. “Рио тинто”-гийн Зэсийн группийн гүйцэтгэх захирлаар томилогдсон Б.Болд гадаадын хөрөнгө оруулагч талын ажлын хэсгийг ахалж буй. Б.Болд хэд хэдэн хэвлэлд ярилцлага өгч, “Би монгол хүн. Тиймээс эх орондоо хохирол учруулах зүйл хийхгүй. Асуудлаа хамтдаа шийдэж, дэлхийд өрсөлдье” гэсэн мессеж илгээсэн. Түүний үгнээс хэлэлцээнд “Рио тинто” хатуурхах биш, харилцан тохиролцох тактикаар оролцох юм байна гэсэн ойлголт төрж байгаа.
Өмнө нь хоёр тал хоёр удаа цахим уулзалт хийж, байр сууриа илэрхийлсэн. Харин одоо хэлэлцээ нүүр тулсан, ажил хэрэгч шатанд шилжиж байна гэж ойлгож болно. Монголын Засгийн газар “Дубайн гэрээ”-г цуцлах санал тавиад буй. “Дубайн гэрээ”-г цуцалж болно. Харин дараагийн эрх зүйн зохицуулалт нь юу байх вэ, зээл авсан олон улсын санхүүгийн 20 байгууллагатайхэрхэн учраа олох вэ гэдэг асуудал босож ирнэ. Үүнд Монголын тал хариулт өгч, тоглоомын дүрмийг гартаа авах ёстой. Хэлэлцээгээр Монголын талын өгөөжийг нэмэгдүүлэх, хэрэв зардал өсөн, геотехникийн нөхцөл өөрчлөгдвөл хэрхэх талаар зохицуулалт хийх гээд олон асуудлыг шийдвэрлэнэ гэж хүлээж байна. Хэлэлцээний шатанд Ханбогдын ч юм уу, Улаанбаатарын гэсэн нэртэй шинэчилсэн гэрээ байгуулна гэж шинжээчид таамаглаж буй.