Энэ оны эхний улиралд манай улсын гадаад худалдааны нийт барааны эргэлт өмнөх оны мөн үеэс 60.4 хувиар өсөж, 3.5 тэрбум ам.доллар болсныг Гаалийн ерөнхий газраас мэдээллээ. Экспортын дүн импортын дүнгээс 476.6 сая ам.доллароор давж, гадаад худалдааны тэнцэл эерэг гарсан гэнэ. Цар тахал дэгдэж эхэлсэн өнгөрсөн жил дотоодын эдийн засаг 5.3 хувиар буурсан бол энэ онд 5-7 хувиар өсөх тооцооллыг олон улсын байгууллагууд танилцуулаад байгаа юм. Тайлант хугацаанд экспортын нийт барааны эргэлтийн дүн өмнөх оны мөн үеэс 93.1 хувиар өсөж, хоёр тэрбум ам.доллар болсон байна. Тэгвэл экспортын бараа, бүтээгдэхүүний 88.8 хувийг боловсруулаагүй нефть, төмрийн хүдэр, зэсийн баяжмал болон чулуун нүүрс зэрэг эрдэс бүтээгдэхүүн эзэлжээ. Харин импорт жилийн дүнгээр 31.2 хувиар өсөж, 1.5 тэрбум ам.долларт хүрсэн байна.