“Samsung” электроникс компанийн энэ оны эхний улирлын үйл ажиллагааны ашиг өнгөрсөн оны мөн үеэс 44 хувиар өссөн нь эдийн засгийн шинжээчдийн анхаарлыг ихээхэн татлаа. Тодруулбал, тус компанийнхан нэгдүгээр улирлын бизнесийн гүйцэтгэлээ урьдчилан тооцоолсны үр дүнд 65 их наяд вонын борлуулалт хийж, 9.3 их наяд вонын ашиг олсноо мэдэгдсэн юм. Ингэснээр тус компанийн үйл ажиллагааны ашиг зах зээлийн таамгаас 400 орчим тэрбум вонор давж, орлого нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 17 хувиар өсжээ.
Тэд эхний улиралд 75-76 сая ширхэг ухаалаг гар утас борлуулсан нь төлөвлөгөөнөөс давсан үзүүлэлт болж, орлого ийнхүү өсөхөд нөлөөлсөн байна. Шинжээчид оны өмнө гаргасан “Samsung galaxy s21” загварын гар утас хэрэглэгчдийн дунд эрэлттэй байсан нь борлуулалт нэмэгдэхэд нөлөөлсөн хэмээжээ. Ташрамд дурдахад, дээрх компанийн зурагт, хөргөгч гэх мэт цахилгаан барааны борлуулалтын орлого нэг их наяд вонд хүрсэн гэнэ.
Эх сурвалж: MBC