Цар тахал хүрээгээ тэлж буй энэ үед олон нийтийн дунд айх, болгоомжлох хандлага байна. Үүний хажуугаар Засгийн газар, яамны зүгээс өгч буй мэдээлэлд итгэхгүй байх, тэр хэрээр назгайрах, улмаар “Худлаа, ийм олноор өвдсөн хүн хаана байна” гэхчлэн асууж бусдыг турхирах мэтээр аашлах тохиолдол ч бий. Нийгмийн эрүүл мэндэд халгаатай энэ байдал даамжирвал нийтээрээ хөнөөлт өвчинд нэрвэгдэж болохоор мэт. Цар тахлын үед олон нийтийн сэтгэл зүйд өөрчлөлт хэр гарч байгаа талаар Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийнхнөөс тодруулсан юм. Коронавирусийн халдвар дотоодод тархаж эхэлсний дараахан буюу 2020 оны арваннэгдүгээр сарын 21-27-нд тус төвийнхөн олон нийтийн сэтгэл зүй хэр өөрчлөгдөж байгааг тандаж судалсан юм билээ. Мөн үүний өмнө эмчлүүлээд эдгэрсэн хүмүүсийг судалгаанд хамруулжээ. Тус төвийн сургалт хариуцсан менежер Б.Батцэцэг эмчтэй судалгааны дүнгийн талаар болон өнөөгийн нөхцөл байдлын тухай ярилцлаа.
-Танай төвөөс дөрвөн сар гаруйн өмнө судалгаа хийжээ. Тухайн үед хатуу хөл хорионы улмаас сэтгэл гутралд орсноор “Ингэж амьдарснаас үхсэн нь дээр” гэж хариулсан хүн судалгаанд хамрагдагсдын дунд нэлээд жин дарсан байх юм. Өдгөө хэдийгээр тухайн үеийнх шиг хөл хориогүй ч олон үйлчилгээ хязгаарлагдмал байна. Орлогын хүрэлцээгүйгээс ч юм уу, үүн шиг хариулах хүн олон байх болов уу?
-Судалгааг давтан хийгээгүй болохоор хэлж мэдэхгүй нь. Тухайн үед бол судалгааг “Коронавируст халдварын үеийн хүн амын сэтгэцийн тулгамдсан асуудал” нэрийн доор, цахим орчинд 4333 хүнийг хамруулж явуулсан юм. Халдварын улмаас хатуу хөл хорионд байсан иргэдэд сэтгэцийн ямар асуудал тулгамдсаныг илрүүлэх зорилго тавьсан. Үүний хүрээнд тулгамдсан асуудал, түүнд нөлөөлж байгаа хүчин зүйлс, хөл хорионд байгаа иргэдэд сэтгэцийн эрүүл мэндийн боловсрол олгоход дэмжлэг үзүүлэх гэсэн зорилт дэвшүүлсэн. Тэгэхэд судалгаанд оролцогсдын 63 хувь нь гэртээ хөл хорионд байсан. Мөн “Гэрээсээ ажиллаж байна”, “Ажилдаа ердийн үеийнх шиг явж байна” гэж хариулсан хүмүүс ч бий. Судалгааны гол зорилго нь иргэдийн сэтгэцийн тулгамдсан асуудлыг тандах байсан болохоор сэтгэл түгшилт, гутрал, нойрны өөрчлөлт болон амиа хорлох бодол төрсөн, эсэхийг асуусан. Тэгэхэд 20-23 хувь нь сэтгэл түгшсэн байдалтай, нойрны өөрчлөлттэй гэсэн дүн гарсан. Өөрөөр хэлбэл, судалгаанд хамрагдсан хүмүүсийн таван хүн тутмын нэг нь сэтгэцийн тулгамдсан асуудалтай байсан гэсэн үг. Гэртээ байгаа, өрхийн орлого буурсан, өдөрт зургаагаас дээш цагийг цахим орчинд өнгөрөөдөг зэргээс болж эмэгтэйчүүд сэтгэцийн тулгамдсан асуудалд илүүтэй өртсөн байлаа.
-Цахим орчинд удаан хугацаагаар байдгаа больчихвол сэтгэл түгшихгүй, гутрахгүй байх боломжтой гэж ойлгож болох уу?
-Бидний өөрчилж чадах нэгэн хүчин зүйл бол энэ. Цахим орчинд олон цагийг өнгөрөөхгүй байх нь өөрийгөө болон гэр бүлээ хамгаалах арга хэрэгслийг нэгээр нэмнэ гэсэн үг. Өдөр бүр энд тэндээс ямар ч шүүлтүүргүй сөрөг мэдээлэл аваад, түүнд автаад, улмаар сэтгэл түгших нь сэтгэцийн өөрчлөлттэй болоход нөлөөлнө. Тэгэхээр мэдээллийг албан ёсны эх сурвалжаас авч хэвших нь чухал. Одоо бол коронавирусийн халдварын тархалт, өвчлөл, вакцинжуулалтын тухай мэдээллийг ЭМЯ-ны 11.00 цагийн мэдээнээс авахад хангалттай. Мөн зохих аппликэйшнүүдийг хэрэглэж болно. Товчхондоо, цахим орчноос сэтгэл түгшилт, гутралд хүргэхүйц сөрөг мэдээлэл авахад зарцуулдаг цагаа үр бүтээлтэй өнгөрөөхөд зориулахыг зөвлөж байгаа юм.
-Дэлгэцэд олон цаг зарцуулахад тэр хэрээр стресстэх үү?
-Тийм гэдэг нь харагдсан. Судалгаанд хамрагдагсдын 52 хувь нь өдөрт 2-6, 33 хувь нь түүнээс дээш цагийг дэлгэцэд зарцуулж байна гэсэн дүн гарсан. Үүнд гэрээс ажиллаж байгаа, ер нь гэртээ сууж хөдөлмөрлөдөг хүмүүсийн хариулт багтсан л даа. Гэхдээ олон хүн гар утас, төрөл бүрийн таблет ашиглаж цахим орчинд үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэхэд маш их хугацаа зарцуулдаг юм байна. Судалгаанд оролцогсдын 23.3 хувь нойрны өөрчлөлттэй. Ийм олон хүн “Нойр солигдсон, бага, эсвэл их унтдаг болсон” гэж хариулсан. Одоо ч гэсэн шөнийг мөн л цахим орчинд, фэйсбүүк, твиттер, инстаграм, клабхуаст өнгөрөөгөөд, өдөр нь унтдаг хүн олон байна шүү дээ.
-Хөл хорионы үед хүмүүс стресс тайлах ямар арга хэрэглэж байсан бол?
-Нэг хүн дунджаар 10 орчим арга нэрлэсэн. Кино үзэх, ном унших, гэрийнхэнтэйгээ болон хүүхдүүдтэйгээ тоглох, утсаар ярих, хөгжим сонсох зэргээр өдрийг өнгөрөөж байжээ.
-Судалгааг ямар аргачлалаар хийсэн бэ?
-ДЭМБ-аас гаргасан, эрүүл мэндийн анхан шатны тусламжид өргөнөөр ашигладаг, олон улсад өргөн хэрэглэдэг “PHQ-9” болон “GAD-7” гэсэн асуумж ашигласан. Үүнд сэтгэцийн бас нэгэн тулгамдсан асуудал болох амиа хорлох тухай бодолтой, эсэхийг танддаг асуулт багтдаг. Сэтгэл гутралтай гэж оношлогдсон оролцогчдын 60 хувь нь “Ингэж явахаар үхсэн нь дээр” гэж хариулсан. Үүнээс үзэхэд коронавирусээс үүдэлтэй өвчлөл, үүнтэй холбоотой хатуу хөл хорионы дэглэмийн цаана өвдвөл, үхвэл яах вэ, ажилгүй болбол яана, хаанаас орлого олох вэ, хүүхдүүдээ хэрхэн тэжээх вэ гэх зэргээр санаа зовж, сэтгэл түгшиж, улмаар гутралд орсон олон хүн байгаа нь харагдсан. Олон нийтийн дунд амиа хорлох бодолтой хүний тоо олшрох вий гэсэн бодол ч төрөхөөр байсан. Түүнчлэн коронавирусийн халдвар ажил, амьдралд нөлөөлсөн байдлыг судлахад оролцогсдын олонх нь “Маш их нөлөөлж байна”, “Санаа их зовж байна” гэж хариулсан.
-Эмчлүүлээд эдгэрсэн хүмүүсийн дунд судалгаа явуулсан гэсэн. Гол үр дүнгийн талаар мэдээлнэ үү.
-2020 оны гуравдугаар сарын 10-наас наймдугаар сарын 25 хүртэлх хугацаанд эмчлүүлж эдгэрсэн хүмүүсийг хамруулсан юм. Гадаад улс орнуудаас тусгай үүргийн онгоцоор ирж, халдвартай нь батлагдсан хүмүүс эмнэлэгт эмчүүлж байсан үе л дээ. Тэгэхэд нийт 289 хүн эдгэрсэн байлаа. Тэднээс судалгааны шаардлага хангасан 18-65 насны 260 хүний 147-той нь нэгбүрчлэн утсаар ярьж, зөвшөөрөл авч, судалсан юм. Дундаж нас нь 26. Сэтгэл түгшилт, гутрал, нойрны өөрчлөлт зэрэг үзүүлэлтээр үзэхэд 24 хувь нь сэтгэцийн тулгамдсан асуудалтай байв. Мөн 22 хувьд нь сэтгэцийн хоёр ба түүнээс олон тулгамдсан асуудал илэрсэн. Ер нь хүмүүс бүгд “Сэтгэлзүйчийн зөвлөгөө авмаар байна” гэсэн ч хаана хандахаа мэдэхгүй байгаа тухайгаа хэлсэн.
-Эмэгтэйчүүд илүү сэтгэл гутралд орсон байсан гэсэн. Эрчүүдээс илүү гэр бүл, хүүхдүүд, ажил, амьдралдаа санаа зовсон гэж үзэж болох уу?
-Энэ хүйсийн хүмүүс сэтгэл хөдлөл ихтэй байдагтай үүнийг холбож үзэж болно.
-Та бүхний энэ судалгааг УОК, улмаар Засгийн газар шийдвэр гаргахдаа харгалзаж, хэрэглэсэн болов уу?
-Энэ талаар мэдээлэлгүй байна. Бид дүнг олон нийтэд нээлттэйгээр, өөрөөр хэлбэл хэн ч ашиглаж болохоор тавьсан.
-Хөл хорионы үед ахуйн нөхцөлд архидан согтуурах нь элбэг байсан. Архи болон бусад согтууруулах ундааг зохистой ч болов хэрэглэх нь стресс тайлах арга болж чадах уу?
-Архи бол стресс тайлах арга биш. Сэтгэлийн зовиур түр зуур мартагдаж болох юм. Ялангуяа коронавируст халдвар туссан тохиолдолд ууж хэрхэвч болохгүй. Acute respiratory distress syndrome хэмээх хам шинжээр өвчин хүндрэх эрсдэлтэйг ДЭМБ сануулсан байдаг. Ер нь нийгмийн халдварт өвчний үед олноороо нийлж архидан согтуурах нь илүү хортой. Тусгаарлагдсан үедээ, тэгэх тусмаа ганцаараа байхдаа согтууруулах ундаа ууж болохгүй.