Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдүүдийн үйл ажиллагаа олон нийтийн шүүмжлэлд ихээхэн өртөх болсон. Хувийн хэвшлийн компаниудтай харьцуулахад үйл ажиллагааных нь үр ашиг бага байдаг учраас ингэхээс аргагүй. Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжийг удирдаж буй менежментийн баг нь өрөнд оруулж, үйл ажиллагааг нь сулруулахаас өөр ажил хийдэггүй гэж гоочлуулсаар. Үнэн төрх нь угаас ийм тул яалтай. Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газраас төрийн өмчит компаниудын өрийн талаарх мэдээллийг өгөв. Засгийн газрын мэдлийн компаниуд хэрээс хэтэрсэн их өр тавьсан гэх мэдээлэл түгэх болсон билээ.
Тус газраас ирүүлсэн мэдээлэлд төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдүүд 2019 оны эцсийн байдлаар 4.15 их наяд төгрөгийн өртэй гэж байв. Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдүүд нь хувь нийлүүлсэн нийгэмлэг, төрийн өмчит хувьцаат компани, төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компани, төрийн өмчит үйлдвэрийн газар гэсэн хэлбэртэй. Тиймээс нийтэд нь хуулийн этгээдүүд гэсэн нэр томьёог ашиглаж нэрлэж байгаа юм. Төрийн өмчит компанийн өр 40 их наяд төгрөг давсан гэсэн мэдээлэл түгсэн. Яагаад өр нь 10 дахин буураад, дөрвөн их наяд төгрөг болчихсон юм бол.
Хуулийн этгээдүүдийн өр 40 их наяд төгрөгт хүрсэн нь үнэн. Гэхдээ менежментийн багийн буруугаас болоод ийм өрөнд орчихсон гэвэл өрөөсгөл. Төрийн оролцоотой компаниуд томоохон төсөл хэрэгжүүлэхийн тулд гадаадаас санхүүжилт татаж буй. Тухайлбал, “Оюутолгой” компани гэхэд олон тэрбум төгрөгийн зээлтэй. Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдүүдийн 40 их наяд төгрөгийн зээлийн 30 их наяд нь “Оюутолгой” төсөлд хамаатай. Өөр нэгэн жишээ нь газрын тос боловсруулах үйлдвэр барих зээл. Манай улс Энэтхэгийн Засгийн газрын Экспорт, импортын банкнаас 1.2 тэрбум ам.доллар зээлж, Дорноговь аймагт газрын тос боловсруулах үйлдвэр барьж байна. Үүнийг төгрөг рүү хөрвүүлбэл 3.5 их наяд болно. Хөрөнгө оруулалтын шинжтэй, ирээдүйд улс орны эдийн засагт томоохон хувь нэмэр оруулах төслийн санхүүжилтүүд төрийн өмчит хуулийн этгээдүүдийн өрийг их харагдуулж байгаа юм. Томоохон төслүүдийн зээлийн санхүүжилт улсын өрийг ч их хэмжээтэй харагдуулж байгаа билээ. Төслүүдийн бүтээн байгуулалт дуусаад өрөө төлөөд эхлэхээр өөр дүр зураг харагдах нь дамжиггүй. Тэгэхээр Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрынхан аргачлалын хувьд Засгийн газар, олон улсын хэлэлцээрийн дагуу авсан санхүүжилтийн зээлийг аргачлалын хувьд төрийн өмчит хуулийн этгээдийн өрөнд тооцдоггүй гэж ойлголоо.
Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдэд ашиг олох зорилгоор үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүдийг багтаажээ. Одоогоор ийм 78 аж ахуйн нэгж байдаг аж. Эдгээрийн охин болон хараат компаниудыг оролцуулан тооцвол 120 гаруй аж ахуйн нэгж болно. Тухайлбал, “Эрдэнэс Монгол” гэхэд 13 охин, хараат компанитай үйл ажиллагаа явуулдаг. Засгийн газрын мэдлийн 78 компанийн 11 нь 100 тэрбум төгрөгөөс дээш өртэй. Тоочвол “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэг 472.6, “Эрдэнэс Тавантолгой” 356.4, “ДЦС-4” 457.1, “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” 113.2, МИАТ 238.1, “Монголын төмөр зам” 567.3, “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” 137.3, “Төрийн орон сууцын корпорац” 356.8, “Тавантолгой түлш” 139.2, “Эрдэнэс Монгол” компани 266.1, “Эрдэнэт үйлдвэр” төрийн өмчит үйлдвэрийн газар 339.4 тэрбум төгрөгийн өртэй.
“Эрдэнэс Тавантолгой” компанид баяжуулах үйлдвэр барих, төмөр зам тавих, цахилгаан станцад хөрөнгө оруулах гэх мэтээр их хэмжээтэй санхүүжилт шаардлагатай байгаа. Тус компани бүтээн байгуулалт хийх, нэмүү өртөг бүтээх дэд бүтцийн төсөл хэрэгжүүлэхийн тулд энэ жил 1.5 их наяд төгрөгийн бонд гаргахаар төлөвлөсөн. Өр нь дахиад нэмэгдэнэ. “ДЦС-4” зээл авч, хүчин чадлаа нэмсэн, МИАТ онгоц авсан, “Монголын төмөр зам” компани төмөр зам тавьж байгаа, “Төрийн орон сууцын корпорац” айл өрхүүдийг орон сууцжуулах шинэ хөтөлбөр эхлүүлсэн. Төрийн өмчит компаниудын авсан зээл, тавьсан өр бүхэлдээ муу менежментийн гай биш. Дийлэнх нь хөгжлийн санхүүжилт гэж ойлгож болно. Олон хүн сайнтай, муутай, ойн мод урттай, богинотой гэдэг шиг муу зээл бас байгаа л биз.
Төрийн өмчит компаниуд зөвхөн зээл, өртэй биш, бас авлагатай. Эдгээр хуулийн этгээд 681 тэрбум төгрөгийн авлагатай аж. Төрийн өмчит компаниуд 32 их наяд төгрөгийн хөрөнгөтэй. Үүнд харьцуулсан ашиг маш бага. Хөрөнгийнхөө таван хувьд ч хүрдэггүй. Ерөнхийд нь дүгнэвэл төрийн өмчит хуулийн этгээдүүдийн хэлбэрийг өөрчлөх, аль болох зах зээл, бизнесийн зарчмынх нь дагуу ажиллуулах шаардлагатай. Үүнээс гадна менежментийг нь өөрчлөх, тодорхой хэмжээний хувьцааг нь олон нийтэд эзэмшүүлэх замаар засаглалыг нь сайжруулах шаардлага бий. Төр хувьцааг нь эзэмших шаардлагагүй, стратегийн бус компаниудыг 100 хувь хувьчлах ч хэрэгтэй. Эдгээр зарчмыг бол дэмжинэ. Харин төрийн өмчит хуулийн этгээдийн өр, зээл бүхэлдээ муу менежментийн сөрөг үр дагавар гэж туйлширч болохгүйг сана.