Хөрөнгийн зах зээлийн түүхэнд хамгийн өндөр дүнтэй арилжаа болж буй хоёр их наяд төгрөгийн “Эрдэнэс Тавантолгой” бондын анхдагч захиалгыг өнөөдөр албан ёсоор эхлүүллээ. Цан цохих арга хэмжээнд Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд О.Батнайрамдал, Санхүүгийн Зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан, Хөрөнгийн биржийн захирал О.Алтай, “Эрдэнэс Тавантолгой” компанийн гүйцэтгэх захирал Б.Ганхуяг нар оролцсон юм. Төгрөг, ам.доллар хосолсон энэхүү бондын хөрөнгөөр Таван толгой-Гашуунсухайт, Таван толгой-Зүүнбаян чиглэлийн төмөр зам болон 450 мегаваттын хүчин чадалтай цахилгаан, дулааны станц, “Говийн бүсэд усны хангамжийг нэмэх” зэрэг төслийг санхүүжүүлэх аж. Эдгээр бүтээн байгуулалтыг хийснээр компанийн үр ашиг илүү нэмэгдэж, 2025 он гэхэд 11.5 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажиллахаар төлөвлөжээ. Энэ үеэр УУХҮ-ийн дэд сайд О.Батнайрамдал “Эрдэнэс Тавантолгой” бондын арилжааг салбарын хувьд түүхэн үйл явдал болж байгааг онцлоод бондын санхүүжилт татаж, төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг хийснээр тээврийн зардлыг дорвитой буулгах, нүүрс баяжуулах үйлдвэр ашиглалтад орсноор нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжтойг мэдээлсэн юм.