“Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 арван их наядын цогц төлөвлөгөө”-нд зээл, санхүүжилтийн эх үүсвэр нь тодорхойлогдсон томоохон төслүүдийн бүтээн байгуулалтыг идэвхжүүлж, эдийн засгийг сэргээх хөшүүрэг болгох чиглэлээр “Эрдэнэс-Тавантолгой” ХК нь дотоодын үнэт цаасны зах зээлд өрийн хэрэгсэл гаргахаар тусгасан. Дээрх шийдвэрийн хүрээнд Санхүүгийн зохицуулах хорооныхон өнөөдөр хуралджээ. Улмаар “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн олон нийтэд нээлттэй санал болгон гаргаж буй төгрөгийн болон ам долларын нийт 20 сая ширхэг хүртэлх өрийн хэрэгслийг үнэт цаасны бүртгэлд бүртгэлээ. Тус компани нь өрийн хэрэгслээ энэ онд багтаан гурван үе шаттайгаар олон нийтэд санал болгон худалдаж, 2.0 их наяд төгрөг хүртэлх санхүүжилтийг татан төвлөрүүлэхээр төлөвлөсөн байна.
Дотоодын хөрөнгийн зах зээлээс татан төвлөрүүлсэн хөрөнгийг Засгийн газраас 2020-2024 онд хэрэгжүүлэхээр төлөвлөж буй төмөр зам, цахилгаан станц, сайжруулсан түлшний үйлдвэр зэрэг техник эдийн засгийн тооцоолол, байгаль орчны нөлөөллийн шинжилгээ бүрэн хийсэн, үр ашигтай томоохон дэд бүтцийн төслүүдийг санхүүжүүлэх юм. Монгол Улсын уул уурхайн салбарын тэргүүлэгч компани болох “Эрдэнэс-Тавантолгой” ХК нь төрийн өмчит аж ахуйн нэгжүүдээс анхлан нээлттэй өрийн хэрэгслийг олон нийтэд санал болгон гаргаж, дотоодын хөрөнгийн зах зээлд нөлөөлөхүйц өндөр дүнгээр санхүүжилт татан төвлөрүүлэхээр зорьж буй анхны тохиолдол юм. Мөн хуралдаанаар “Сүү” ХК-ийн нэмж гаргасан энгийн хувьцааг нийтэд санал болгохыг зөвшөөрсөн үнэт цаасны бүртгэлээс хасах, “Мандал ассет менежмент” ХХК-д үнэт цаасны зах зээлд хөрөнгө оруулалтын менежментийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг олгох асуудлыг тус тус шийдвэрлэлээ.
Үүнээс гадна даатгалын төлөөлөгчийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг хоёр аж ахуйн нэгжид, банк бус санхүүгийн зээлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг нэг аж ахуйн нэгжид, найман хадгаламж зээлийн хоршооны хадгаламж, зээлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн хугацааг сунгах мөн зургаан аж ахуйн нэгж, хоёр иргэнд үл хөдлөх эд хөрөнгө зуучлалын байгууллагын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгохоор шийдвэрлэлээ. Харин хоёр иргэнд үнэт металл, үнэт чулууны арилжаа эрхлэгчийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгохоор шийдвэрлэхийн зэрэгцээ Хяналт шалгалт, зохицуулалтын газраас нэг компанийн банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг сэргээх, нэг аж ахуйн нэгжийн хөрөнгө оруулалтын менежментийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх, үнэт цаасны зах зээлд дилер, андеррайтийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох, даатгалын төлөөлөгчдийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох, гурван компанийн банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох, хоёр аж ахуйн нэгжийн үнэт цаасыг нийтэд санал болгохыг зөвшөөрсөн үнэт цаасны бүртгэлээс хасахаар шийдвэрлэлээ.