“Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-ний санхүүжилтийн гурван их наядыг Барилга, хот байгуулалтын яамд төсөвлөжээ. Эл хөрөнгийн хоёр их наядыг нь ипотекийн зээлийн санхүүжилтэд зарцуулахаар болсныг БХБ-ын сайд Б.Мөнхбаатар мэдээллээ. Тэрбээр “Он гарснаас хойш энэ сарын 23-ны өдрийн байдлаар 1,376 өрхөд 126.6 тэрбумын зээл олгоод байна. Үүний 26.6 тэрбумыг нь орон нутгийн иргэдэд олгосон. Өнгөрсөн онд улсын хэмжээнд 15,639 байр ашиглалтад орсон. Үүнээс 5,594 нь төрийн, 5,691 нь арилжааны банкны ипотекийн зээлээр зарагдсан. Иргэд өнгөрсөн хугацаанд олгогдсон найман хувийн зээлийг зургаан хувьд шилжүүлэх хүсэлтийг тавьж буй. Харамсалтай нь, ингэх боломжгүй. Найман хувийн зээлд өнгөрсөн хугацаанд 68,000 иргэн хамрагдсан. Хэрэв эдгээрийн зээлийг зургаан хувь болговол Засгийн газар 300 тэрбум төгрөгийн алдагдал хүлээх болно. Тиймээс энэ талаар сайн судлах хэрэгтэй” гэлээ. Харин үлдсэн нэг их наядыг Түрээслээд өмчлөх хөтөлбөрт зарцуулах юм байна.