Хэнтий, Сүхбаатар, Дорноговь аймагт хоёр долоо хоног орчмын өмнөөс ямаагаа самнаж эхлэн, малчид ноолуураа нэг кг-ыг нь 140 мянган төгрөгөөр борлуулсан байна. Тэгвэл өчигдөр Сүхбаатарт кг-ыг нь 152 000-аар үнэлж авсан нь өнгөрсөн жилийн энэ үеийнхээс бараг 60 хувиар өссөн дүн болжээ. Мөн түүхий эдийн “Эмээлт” захад өчигдөр нэг кг ноолуурыг өнгө, чанараас нь хамаарч 120-155 мянган төгрөгөөр худалдан авсан бол Хөдөө аж ахуйн биржид уг түүхий эдийн арилжаа эхлээгүй, үнэ тогтоогоогүй байна. Үндэсний үйлдвэрүүдийн түүхий эдийн нийлүүлэлтийг өсгөх зорилгоор ноолуураа дотоодын аж ахуйн нэгжүүдэд тушаасан айл өрх, иргэдэд 2020 онд 195 орчим тэрбум төгрөгийн урамшуулал олгож байв. Харин энэ жил урамшуулал өгөхгүй бөгөөд ноолуур бэлтгэхэд зориулж малчид, хоршоодод 200 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгох боломжтойг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас танилцуулжээ.