Үндэсний аюулгүй байдлын зөвлөл (ҮАБЗ)-өөс Оюутолгой ордыг ашиглах Хувь нийлүүлэгчийн гэрээ (ХНГ)-ний тухай санал, дүгнэлт гаргажээ. Тус зөвлөлийг Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд бүрдүүлдэг. Тиймээс уг зөвлөлөөс гарч буй санал, дүгнэлт Монгол Улсын байр суурийг төлөөлөх юм. Уг санал, дүгнэлтээс анхаарал татах эшлэлийг тоймлон хүргэе.
Хувь нийлүүлсэн компаниуд Төлөөлөн удирдах зөвлөл (ТУЗ)-өөр дамжуулан тухайн бизнесийг удирддаг. ТУЗ-д хэр мэдэлтэй байна, тухайн хувь нийлүүлэгч, хувьцаа эзэмшигч эрх ашгаа төдий чинээ сайн хамгаалж чаддаг билээ. Монголын талын “Оюутолгой” компанийн ТУЗ-д хэр нөлөөтэй байгааг ҮАБЗ-ийнхөн хэрхэн дүгнэснийг сонирхоцгооё.
-2009 оны ХНГ-ний 4.4 болон 2011 оны ХНГ-ний 5.4-т зааснаар “ТУЗ-ийн гишүүн бүр саналын нэг эрхтэй байна” гэжээ. “Оюутолгой” компанийн ТУЗ-ийн есөн гишүүний зургаа буюу олонх нь гадаадын хөрөнгө оруулагч талаас байгаа бөгөөд Монголын талын гурван гишүүн ТУЗ-ийн аливаа шийдвэрт нөлөөлөх боломжгүй аж. Тиймээс компанийн ТУЗ-д Монголын талын тавьсан Монгол Улсын эрх ашгийг хамгаалсан шийдвэр батлагдах боломж алга. Тэгээд ч 2009 оны ХНГ-ний 4.6-ын (г) болон 2011 оны ХНГ-ний 5.6-ын (г)-д зааснаар ТУЗ-ийн хурлын ирц тус зөвлөлийн нийт гишүүний дийлэнх олонх буюу зургаан гишүүнээр бүрдэхээр заажээ.
-Тэгээд ч “Оюутолгой” компанийн ТУЗ дээр асуудал шийдвэрлэх өөр нэг боломжийг хөрөнгө оруулагч тал эдэлж байна. 2009 оны ХНГ-ний 4.7 болон 2011 оны ХНГ-ний 5.7-д зааснаар хөрөнгө оруулагч тал өөрсдийн томилсон ТУЗ-ийн гишүүдийн дундаас даргаа томилох бөгөөд мөн гэрээнд зааснаар аливаа асуудлаар ТУЗ-ийн гишүүдийн санал тэнцвэл дарга тухайн асуудлыг эцэслэн шийдвэрлэх саналын эрхтэй байхаар тусгасан байна.
-Энэ заалтын дагуу хөрөнгө оруулагч тал зориуд ТУЗ-ийн хурлын ирцийг бүрдүүлэхгүй байхаар зохион байгуулж, хурлыг хойшлуулах, хойшлуулсан хурлаа дан өөрсдийн зургаан гишүүний ирцтэйгээр зохион байгуулж, аливаа асуудлыг шийдвэрлэх боломжтой байна. Учир нь “Оюутолгой” компанийн ТУЗ-ийн хойшлогдсон хурлын ирцэд Монголын талын нэг гишүүн заавал оролцож байж ирц бүрдэх тухай тусгайлсан шаардлага байхгүй.
-ТУЗ-ийн нийт гишүүний 100 хувийн саналаар шийдвэр гаргах аливаа асуудлыг ХНГ-ээр тохироогүй, хөрөнгө оруулагч талд давуу байдал олгожээ. Монгол Улсын Компанийн тухай хуулийн 80.6-д зааснаар ТУЗ-ийн хурлаар шийдвэрлэх асуудалд тусгайлан өндөр хувь тогтоох зохицуулалтыг компанийн дүрэмд тусгах боломжтой.
ХНГ-нд Монголын тал ТУЗ-д хэрхэн оролцохоор заасныг ҮАБЗ-ийнхөн ийн дүгнэжээ. Тэгвэл ХНГ-нд тусгасан менежментийн багийн талаар ямар байр суурьтай байгаа бол. Менежментийн баг нь “Оюутолгой” төсөлд зарцуулж буй санхүүжилт бүрийн 3-6 хувийг авдаг. Одоогоор “Оюутолгой” компанийн ашигт малтмалын нөөц ашигласан төлбөрөөс их мөнгийг менежментийн баг хүртээд байгаа билээ.
-Менежментийн багийг зөвхөн гадаадын хөрөнгө оруулагч талаас санал болгож, ТУЗ-ийн шийдвэрээр томилж байна. “Оюутолгой” компанийн хувь нийлүүлэгчийн болон ТУЗ-ийн хурал зэрэг шийдвэрт Монголын тал нөлөөлөх боломжгүй. Монголын талд ийм эрх байхгүй нь төслийг хэрэгжүүлэгч хамтрагч талууд эрх тэгш бус харилцаатай гэж үзнэ.
-Менежментийн баг нь Компанийн гүйцэтгэх удирдлагаас тусдаа бүтэцтэй байна. Гэрээнд зааснаар “Менежментийн баг нь гүйцэтгэх удирдлага компанийн үйл ажиллагаа, түүний дотор үндсэн үйл ажиллагааг эрхлэн явуулахад туслалцаа, үйлчилгээ үзүүлнэ” гэжээ. Мөн 2011 оны ХНГ-ний 7.2-ын (в)-д зааснаар “Менежментийн баг нь үндсэн үйл ажиллагааг үр дүнтэй зохион байгуулахад шаардлагатай гэж үзсэн бусад бүхий л үйлчилгээнээс бүрдэж болно” гэснээс харахад менежментийн багийн үйл ажиллагаа нь ямар нэгэн хязгаарлалтгүй байна. “Оюутолгой” компани гүйцэтгэх удирдлага гэхээсээ энэхүү менежментийн багт компанийн удирдлага, үйлдвэрлэл, санхүүгийн бодит эрх мэдэл байна.
-ХНГ-ний 6.4-ийн (ё)-д “Айвенхоугийн хувь нийлүүлэгчид хамтдаа, эсхүл тэдгээрийн аль нэг нь менежментийн багийг төлөөлж болон түүний нэрийн өмнөөс энэхүү гэрээг хэрэгжүүлж болно” гэсэн заалт 2011 оны ХНГ-нд хэвээр хадгалагджээ. Тухайлбал, 2011 оны ХНГ-ний 7.4-ийн (д)-д зааснаар “Менежментийн бага нь өөрийн үйлчилгээний тодорхой хэсгийг АйВиЭн, эсхүл ОТН-ийн хамаарал бүхий компанид шилжүүлж, эсхүл тэдгээрээр туслан гүйцэтгүүлж болно” мөн ХНГ-ний 7.4-ийн (ё)-д “Айвенхоугийн хувь нийлүүлэгчид хамтдаа, эсхүл тэдгээрийн аль нэг нь менежментийн багийг төлөөлж болон түүний нэрийн өмнөөс энэхүү гэрээг хэрэгжүүлж болно” гэжээ. Эдгээр заалтыг харахад менежментийн баг нэрээр хөрөнгө оруулагч тал өөртөө түүний эрх, менежментийн үйлчилгээ нэрээр төлбөр авах боломжтой болжээ. Менежментийн баг нь гадаадын хамтрагч талын халхавч төдий бүтэц гэж дүгнэлээ. Компанийн гүйцэтгэх удирдлага өдөр тутмын үйл ажиллагааг удирдаж байхад зардал ихтэй ийм давхар бүтэц шаардлагагүй гэж үзэж байна.
ҮАБЗ-өөс менежментийн багийн талаарх байр сууриа ийн тодорхой илэрхийлэв. Оюутолгойн ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулахад төслийн хөрөнгө оруулалт, санхүүжилтийн загварыг өөрчлөх асуудал чухал болсон. Төслийн хувь нийлүүлэгч “Рио тинто”-гоос өнгөрсөн онд ирүүлсэн санхүүжилтийн загвараар Монгол Улс 2050 онд гэхэд 22 тэрбум ам.долларын өртэй үлдэх тооцоо гарчээ. Энэ бол бидэнд тулгарч буй бодит бэрхшээл. “Оюутолгой” төслийн хөрөнгө оруулалтын хэмжээ нэмэгдэх, бүтээн байгуулалтын хугацаа хойшлох тусам Монголын талын зээл, хүү нэмэгдэж, хүртэх өгөөж буурч байгаа билээ. ХНГ-нд төслийн санхүүжилтийн загварыг хэрхэн тусгасныг ҮАБЗ-ийнхөн яаж дүгнэж буйг харна уу.
-ХНГ-ний 9.3-ын (б)-д зааснаар компанийн үйл ажиллагааг санхүүжүүлэхээр “Шаардсан мөнгөн хөрөнгийн бүх нийлүүлэлтийг америк доллароор хийх”-ээр тохирчээ. 2009 оны ХНГ-нд байсан энэ заалт 2011 оны ХНГ-нд хэвээр үлдэж. Хэдийгээр энэ заалтад өөр валютаар хийхийг ТУЗ шийдвэрлэнэ гэж заасан ч валют гэж зааснаас харахад төгрөгөөр санхүүжилт хийхгүй ажээ.
…“Оюутолгой” төсөлд америк доллароор санхүүжилт хийснээр долларын ханшийн өсөлтөөс Монголын тал алдагдал хүлээж байна. Ийнхүү 2009 оноос хойш ханшийн зөрүүгээр өнөөдрийг хүртэл Монголын талын хүлээсэн алдагдлыг тооцож гаргах ёстой.
-Монголын тал энэхүү ХНГ хүчин төгөлдөр болохоос өмнөх хугацаанд (Монголын тал хувь нийлүүлэгч болоогүй байхад зарцуулсан мөнгө) “Оюутолгой” төсөлтэй холбоотой “Айвенхоу” болон “Рио Тинто” группээс урьдчилан олгосон бүх санхүүжилт болон түүний хүү 9.9 хувийг төлөх үүргийг хуваалцахаар тохиролцжээ. Тэгээд ч тэрхүү санхүүжилт нь “Оюутолгой” компанийн үйл ажиллагаанд зарцуулсан, эсэхээс үл хамаарч байхыг зөвшөөрсөн нь шударга бус зохицуулалт бөгөөд энэ заалтын дагуу компанийн үйл ажиллагаанд зарцуулаагүй мөнгө хөрөнгийг зөвшөөрөхгүй байх нь зүйтэй.
-“Оюутолгой” төслийг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах, үндсэн зарчим удирдамжийг баталсан 2008 оны 40 дүгээр тогтоолд “Ордыг түшиглэн байгуулагдах компанийн хувьцааны 34 хувийг Монголын тал шууд эзэмшихээр тооцож, уг хугацаанд ногдох хөрөнгийг албан татвар, төлбөр, хураамж, ногдол ашиг, зээл зэрэг хэлбэрээр оруулж болохоор тохиролцох” гэжээ. УИХ-аас тогтоож өгсөн аргуудын зөвхөн “зээл” хэлбэрийг дангаар нь сонгосон нь өрийн дарамт үүсгэсэн оновчгүй тохиролцоо болжээ хэмээн дүгнэж байна.
-Хөрөнгө оруулагч тал Монголын талын хувь нийлүүлэгчийг аль болох өөрөөсөө санхүүгийн хувьд хараат өртэй, хамааралтай байлгах бодлого эхнээсээ явуулжээ гэж үзнэ. Өөрөөр хэлбэл, төслийн санхүүжилтийн бүх хэлбэрийг Айвенхоугийн хувь нийлүүлэгч өөрөө сонгох, түүний санхүүжүүлэгчээс зээл хэлбэрээр авч байх, Монголын талын хувь нийлүүлэгч нь зөвхөн энэ эх үүсвэрээс санхүүжилт авч өр үүсэж байхаар зохион байгуулсан аж.
-Гэрээний үндсэн хугацаа 30 жил, хоёр удаа 20 жилээр сунгах, нийт 70 жилийн санхүүжилтийн дүнгээс Монголын талын 34 хувьд хувь тэнцүүлэн өрийн дүнг тооцож гаргах шаардлагатай. Ирээдүйд үүсэх энэ өрийг Монголын тал ногдол ашгаасаа төлөөд ашигтай үлдэх үү гэдэг нь энэ ордыг ашиглах ач холбогдлыг тодорхойлох болно.
-Монголын талаас үл хамаарч, шийдвэр гаргах эрхтэй болохын хувьд гадаадын хамтрагч, хувь нийлүүлэгч талын хамааралтай санхүүжүүлэгч нарын авсан хүүтэй зээлийн санхүүжилт, бусад төлбөрийг төлж дуусахад компани өртэй үлдэх зориуд санаатай, зохион байгуулалттай санхүүгийн схем бүтэц зохиожээ гэдэг хардлага төрүүлж байгаа юм.
-“Оюутолгой” төсөлд гадаадын хамтрагч тал шууд хөрөнгө оруулахгүй, зээлийн санхүүжилт хийх боломж олгосон заалт тусгаж, түүнийг баталгаажуулах хэлбэрээр ХНГ-г байгуулжээ.
“Оюутолгой” төслийн хөрөнгө оруулалт, санхүүжилтийн загварын талаар дээрх дүгнэлтийг хийжээ. Зээлийн загвараар уг төслийг санхүүжүүлэх тусам манай талын хүртэх өгөөж багасаж, ногдол ашиг авахгүй байх нь тодорхой болсон. Тэгэхээр удахгүй эхлэх хэлэлцээрийг гол ярилцах асуудал нь төслийн санхүүжилтийн загвар байх нь дамжиггүй. Ингээд ҮАБЗ-өөс доорх саналыг гаргасан байна.
-“Оюутолгойн ордыг ашиглахаар гадаадын хамтрагч талтай байгуулсан үндсэн тохиролцоо болох Хувь нийлүүлэгчийн гэрээг Монгол Улсад ашигтай болгон өөрчилж, тэрхүү өөрчлөлтийг үндэслэн хөрөнгө оруулалтын гэрээг шинэчлэх нь “Оюутолгой” төслийг Монгол Улсад ашигтай байлгах гол гарц болно. Иймд нэгдүгээрт, Санал дүгнэлтэд тусгасан заалтуудыг Монгол Улсад ашигтай байхаар талуудын хооронд байгуулсан Хувь нийлүүлэгчийн гэрээнд нэмэлт, өөрчлөлтөөр оруулах, хоёрдугаарт, тус гэрээнд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг үндэслэн хөрөнгө оруулалтын гэрээг өөрчлөх, гуравдугаарт, Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөөг (Дубайн гэрээ гэх) бүхэлд нь хүчингүй болгож, холбогдох зохицуулалтыг харилцан тохиролцсон хэлбэрээр хөрөнгө оруулалтын гэрээнд тусгах, дөрөвдүгээрт, “Оюутолгой” компанийн дүрмийг дээрх гэрээнүүдийн нэмэлт, өөрчлөлтөд нийцүүлэн шинэчлэн батлах саналтай байна.