Монголбанкны Мөнгөний бодлогын хорооноос өчигдөр ээлжит хурал зарлаж, эдийн засаг, банк, санхүүгийн зах зээлийн өнөөгийн болон ирээдүйн байдал, гадаад, дотоод орчны төлөв, эрсдэл зэрэг асуудлыг хэлэлцээ. Хуралдаанаар банкны бодлогын хүүг зургаан хувьд хэвээр хадгалах, урт хугацаат дахин санхүүжилтээр энэ оны хоёрдугаар улиралд 350 хүртэлх тэрбум төгрөгийг олгох шийдвэр гаргажээ. Уг санхүүжилтэд 200 ба түүнээс дээш ажилчинтай үйлчилгээний болон боловсруулах, худалдааны салбарын аж, ахуйн нэгжүүдийг хамруулахаар өргөтгөсөн гэнэ.
“Он гарснаас хойш эхний хоёр сарын байдлаар манай улсын инфляц 2.6 хувь, Улаанбаатар хотын хэмжээнд хоёр хувьтай байна. Эрэлтийн хүчин зүйлсийн инфляцад үзүүлэх нөлөө ирэх улирлуудад эдийн засгийн идэвхжлийг даган аажмаар нэмэгдэх бол шатахуун, cайжруулсан түлшний үнийн нөлөөгөөр нийлүүлэлтийн шалтгаантай инфляц цаашид өсөхөөр төлөвтэй. Суурь төсөөллөөр энэ онд инфляц дунд хугацааны зорилтын орчимд хадгалагдах хүлээлттэй байгаа хэдий ч вирусийн тархалт, вакцинжуулалттай холбоотой өөрчлөгдөж болзошгүй” хэмээн дээрх банкны Мөнгөний хорооны бодлогоос мэдээллээ.