“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аас сүүлийн жилүүдэд хайгуулын ажилд ихээхэн хөрөнгө оруулж буй. Тус үйлдвэрийн Геологи хайгуулын экспедицийнхэн зэс, молибдений хайгуулаас гадна фосфоритын орд нээн илрүүлэх ажил эхлүүлжээ. Геологи хайгуулын ажлын нарийвчилсан төлөвлөгөөг боловсруулан, оны эхнээс хэрэгжүүлж эхэлсэн байна. Албан бус эх сурвалжийн мэдээллээр “Эрдэнэт үйлдвэр”-тэй ойролцоо байршилтай фосфоритын илэрцийг орд болгохоор ажиллаж буй гэнэ.
Тус үйлдвэрийг түшиглэн зэс хайлуулах үйлдвэр барих техник, эдийн засгийн үндэслэл боловсруулж буй. Уг илэрцийн нөөцийг тогтоож, орд болгож чадвал зэс хайлуулах үйлдвэрээс гаргах хүхрийн хүчлийг боловсруулах боломж бүрдэнэ. Хүхрийн хүчил нь маш идэмхий чанартай байдаг. Тиймээс фосфориттой нэгтгэн бордоо үйлдвэрлэж идэмхий чанарыг нь саармагжуулдаг билээ. Дэлхий дахинд зэс хайлуулах үйлдвэрээс гаргасан хүхрийн хүчлийг саармагжуулах ийм арга түгээмэл нутагшсан юм. Хэрэв фосфоритын орд нээж чадвал зэс хайлуулах үйлдвэр барихад технологийн саадгүй болох аж.