Зургийг: Монгол Улсын Сангийн яам цахим хуудаснаас авав
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанд Сангийн сайд Б.Жавхлан “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-ний хэрэгжилтийн талаар танилцууллаа. Төлөвлөгөөнд тусгагдсан 10 их наяд төгрөгөөс өчигдрийн байдлаар ажлын байрыг дэмжих, Төв банкны репо санхүүжүүлэх болон ипотекийн зээлд 330.2 тэрбум төгрөг олгожээ. Мөн Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламжийн төслийн санхүүжилтэд 66.5 тэрбум төгрөгийн гүйцэтгэл гарсан байна.
Ажлын байрыг дэмжих зээлийн гэрээ байгуулснаас хойш ажлын 11 хоногийн хугацаанд банкууд 25.9 мянган зээлдэгчийн 3.8 их наяд төгрөгийн зээлийн хүсэлтийг хүлээн авсан байна. Улмаар 615 зээлдэгчид 41.8 тэрбум төгрөгийн зээл олголоо. Энэ нь бизнесийн зээл судалж, шийдвэрлэхэд дунджаар 30 хоног зарцуулдаг жишигтэй харьцуулахад зээл олголт богино хугацаанд, сайн гарч байгаагийн илрэл хэмээн Сангийн сайд онцоллоо.
Түүнчлэн энэ сарын 22-ны өдрийн байдлаар 361.5 тэрбум төгрөгийн ипотекийн зээлийн хүсэлт банкуудад ирснээс 1,603 иргэнд 121.4 тэрбум төгрөгийн зээл олгожээ. Цаашид, Сангийн яам цогц төлөвлөгөөнд тусгагдсан зээлийн үйл ажиллагаанд олон нийтийг төлөөлж хяналт тавих “Олон нийтийн хяналтын зөвлөл’’-ийг байгуулан ажиллуулахаар төлөвлөж байгаа гэнэ. Ингэснээр цогц төлөвлөгөөнд тусгагдсан зээлийн мэдээллийг долоо хоног тутам олон нийтэд мэдээлэх, оролцогч талуудын уялдааг сайжруулж, үйл ажиллагааг идэвхжүүлэх боломжтой гэж үзжээ.