Зургийг: Монголбанк цахим хуудаснаас авав.
Энэ оны эхний хоёр сард манай улсын хийсэн гадаад худалдааны тухай тоон мэдээллийг Монголбанкнаас гаргажээ. 1,335 сая ам.долларын бүтээгдэхүүн экспортолсон нь өмнөх оныхоос 73 хувиар өссөн үзүүлэлт аж. Эдгээрийн 91 хувийг Хятад, гурван хувийг Сингапур луу экспортолжээ. Нийт экспортолсон бүтээгдэхүүний 91.9 хувийг уул уурхай, 6.3 хувийг аж үйлдвэр, 1.7 хувийг мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн эзэлж байна. Экспортын гол бүтээгдэхүүнээр зэс, нүүрс, төмрийн хүдэр, боловсруулаагүй нефть, хүнс зэргийг нэрлэжээ.
Харин 922 сая ам.долларын бараа бүтээгдэхүүн импортолсон бөгөөд Хятад улсаас 38, ОХУ-аас 28, Японоос найман хувийг нь худалдан авчээ. Импортын гол бүтээгдэхүүнийг машин, механик тоног төхөөрөмж, нефть, хүнс, автомашины сэлбэг, барилгын материал эзэлжээ.