Монголын хөрөнгийн биржийн Топ-20 индекс өнгөрсөн пүрэв гарагт 34 707 нэгж болж, түүхэн дээд түвшиндээ хүрснийг бид мэдээлсэн. Тэгвэл уг индекс баасан гарагт дахин өсөж 35 378 нэгжид хүрснээр түүхэн дээд түвшнээ дахин шинэчлэв. Энэ өдөр уг индексийн сагсанд багтдаг 20 компанийн 15-ынх нь хувьцааг арилжсан бөгөөд дийлэнх буюу 12-ынх нь үнэт цаасны ханш 0.19-14.88 хувиар дээшилсэн бол үлдсэнийх нь ялимгүй хямдарлаа. Баасан гарагт энгийн арилжаагаар 41 компанийн 3.31 сая ширхэг хувьцааг 1.17 тэрбум төгрөгөөр арилжсан юм. Монголын хөрөнгийн биржийн зах зээлийн үнэлгээ энэ өдөр 3.7 их наяд төгрөг давсан нь мөн онцлууштай байв. Өмнөх өдөр нь дээрх тоо 3.66 их наяд байсан билээ.