Манай улс ОХУ, БНХАУ, БНСУ, Тайланд зэрэг 10 гаруй орноос бүх төрлийн сахар импортолдог. Тэгвэл импортоор авдаг өргөн хэрэглээний хүнсний нэг элсэн чихрийн жижиглэнгийн үнэ сүүлийн таван жилд зарим бүтээгдэхүүнийхтэй харьцуулахад бага зэрэг нэмэгдсэнийг нийслэлийн Статистикийн газрын тайлангаас харж болно. Тодруулбал, 2015 онд нэг кг-ыг нь 2000-2200 төгрөгөөр борлуулж байсан бол өдгөө дунджаар 2700-д хүрч, таван жилийн хугацаанд 500 орчим төгрөгөөр өсжээ.
Гэтэл бүх төрлийн будаа, ургамлын тос, гоймонгийн үнэ дээрх хугацаанд кг тутамдаа 30-40 хувиар нэмэгдсэн байна. Элсэн чихэр, ёотон, бусад сахарын үнэ ийнхүү төдийлөн өсөөгүйг айл өрхүүдийн хэрэглээ буурч байгаатай холбон тайлбарлаж болох нь. “Барс” захад 10 орчим жил импортын хүнс борлуулж буй Г.Буян “Өвлийн улиралд элсэн чихрийн жижиглэнгийн борлуулалт бага зэрэг өсдөгийг эс тооцвол өдөр тутам, их хэмжээгээр зарагддаггүй. Айл өрх, хувь хүмүүс элсэн чихэр худалдан авах нь улам бүр багассаар байгаа. Эрүүл мэндэд цагаан элсэн чихэр, ёотон муу гэдэг ойлголт түгээмэл, борыг нь худалдан авахыг илүүд үзэх болсон. Цагаан элсэн чихрийг нэг кг-ыг нь 2600 төгрөгөөр зарж буй бол БНСУ-аас оруулж ирсэн борыг нь 4000-аар, нэг хайрцаг бор ёотонг 1000-2000 төгрөгөөр ахиу үнээр худалдаж байна. Хувь хүмүүс жижиглэнгээр борыг нь л илүүтэй авдаг бөгөөд Цагаан сарын үеэр ёотонгийн эрэлт бага зэрэг өсдөг. Харин элсэн чихэр, сахар орлуулагч зэргийг бөөнд нь нарийн боов, бялууны үйлдвэр, цехүүд түлхүү авдаг” хэмээн ярив. Тэгвэл Чингэлтэй дүүргийн XIX хорооны иргэн, таван ам бүлтэй өрхийн эзэгтэй Б.Чимэгээс элсэн чихрийн хэрэглээнийх нь талаар тодруулахад “Цагаан элсэн чихэр, ёотонг манайх шууд хэрэглэдэггүй. Жимсний шүүс, аарц буцалгахад хийх нь бий. Шаардлагатай бол бор элсэн чихэр, бурам худалдан авдаг. Бид ер нь гурилан бүтээгдэхүүн, бялуу, кофе зэргээр “дамжуулж” сахар хэрэглэдэг байх” гэлээ.
Манай улсад сүүлийн таван жилд гурилан бүтээгдэхүүний үйлдвэрлэл 30 орчим хувиар өссөн төдийгүй бялууны нэр төрөл ч олширсон албан бус тооцоо байна. Баянзүрх дүүрэгт байрлалтай “Өнөр баян” нарийн боовны цехийн эзэн Г.Ганпүрэв “Гурилан бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн хамгийн чухал түүхий эд бол элсэн чихэр. Манайх долоон жил гаруй үйл ажиллагаа явуулж буй бөгөөд жилд 1-2 нэрийн бүтээгдэхүүн шинээр үйлдвэрлэдэг. Өнгөрсөн жил манайх хоёр тонн гаруй хуурай болон шингэрүүлсэн элсэн чихэр хэрэглэсэн нь 2019 оныхоос 25 хувиар өссөн дүн болсон. Хөл хорионы улмаас 2020 онд хүүхдүүд сургууль, цэцэрлэгтээ яваагүй болохоор гурил, гурилан бүтээгдэхүүний нэг жилийн дундаж хэрэглээ улсын хэмжээнд 20 гаруй хувиар өссөн гэдэг нь үнэн” гэв. Ер нь кофе шоп, нарийн боовны газрууд нэмэгдсэнээс шалтгаалж элсэн чихэр, сахар худалдан авагч аж ахуйн нэгжийн тоо төдийлөн буурахгүй байгаа аж.
Дэлхийн зах зээлд 2020 онд сахарын үйлдвэрлэл 682 000 тонноор буурч, 165.5 сая тоннд хүрчээ.
Мөн улс хоорондын экспорт 848 000 тонноор багасан 53.3 сая болсныг apps.fas.usda. gov цахим хуудсанд мэдээлжээ. Энэ нь хөл хорионы улмаас эдийн засаг агшин, эрэлт багассантай холбоотой аж. Харин энэ онд болон ирэх онд сахарын нийт үйлдвэрлэл жилд 182 сая тонн хүртэл өсөх магадлалтай гэнэ. Уг өсөлтийг хангахад сахар экспортлогч голлох улс Бразил, Энэтхэг, Тайланд, ОХУ, БНХАУ идэвхтэй оролцох таамаг бий аж. Тухайлбал, Бразил улс нэг жилийн экспортын хэмжээгээ 10 гаруй сая тонноор нэмж 40 саяас давуулах бол Энэтхэг 800 000 тонноор нэмж, 5.8 сая тоннд хүргэх боломжтой гэжээ. Мөн манай хоёр хөрш ч сахарын үйлдвэрлэлээ жилд нэг сая хүртэлх тонноор нэмэх нь. Энэтхэг улс чихрийн нишингийн тариалалт, үйлдвэрлэлийн хэмжээгээ 2019-2020 оныхтой харьцуулахад энэ жил 17 хувиар сэргээн, 33.8 сая тоннд хүргэн өндөр ургац авах төлөвтэй аж. Түүнчлэн АНУ чихрийн манжин, нишингийн талбайн хэмжээгээ нэмэгдүүлж байгаа тул үйлдвэрлэл нь 10 хувиар өсөж, жилд 8.2 сая тонноос илүүг зах зээлд нийлүүлэхээр тооцжээ. Дэлхийн зах зээлд ийнхүү бүх төрлийн сахарын нийлүүлэлт буурахгүй, нэмэгдэх төлөв ажиглагдаж байгаа нь хийжүүлсэн ундаа, жимсний агууламжтай шүүс, бүх төрлийн чихэр, зайрмагны эрэлт багасахгүй байгаа нь түлхэц болж буй гэнэ. Хэдийгээр сахар нь хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй ч хүнс үйлдвэрлэлийн үндсэн түүхий эд учраас улс орнуудын эдийн засаг эрчимжихийн хэрээр эрэлт нь өсөх хандлагатай аж. Тиймээс Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас бүтээгдэхүүний шошгон дээр сахарын хэмжээг тодорхой бичих, хор нөлөөг нь таниулах шаардлага тавьсаар байгаа юм.
Гаалийн ерөнхий газрын мэдээллээс харвал манай улс 2019 онд элсэн чихрийн худалдан авалтаа өмнөх жилийнхээс нь 14 000 орчим тонноор бууруулсан нь гол нэрийн хүнсний бүтээгдэхүүний импорт нэг жилийн хугацаанд хамгийн их хэмжээгээр багассан дүн болж байж. Харин өнгөрсөн жил эргэн өссөн байна. Эндээс харахад бор элсэн чихэр, ёотонг иргэд түлхүү сонгож байгаа ч ерөнхий хэрэглээ нь буюу бүх төрлийн сахарын импорт сүүлийн таван жилд төдийлөн буураагүй, үйлдвэрүүд өргөн ашигласан хэвээр байна.
Сонирхуулахад, Монголд чихрийн манжин тариалах бүрэн боломжтой гэж үздэг. Төв аймгийн Баянчандмань, Сэлэнгийн Баянгол сумд уг түүхий эдийг тарьж, ОХУ-д үйлдвэрлэж буй сахартай ижил агууламжтай бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжтойг мэргэжилтнүүд хэлж байв. Иймээс ч 2018 онд “Монгол Улсад чихрийн манжин тариалах боломжийг судлах, элсэн чихэр боловсруулах үйлдвэр байгуулах техник, эдийн засгийн үндэслэл боловсруулах” тендер зарлаж байжээ. Оролцогчид тооцоо судалгааг олон хувилбараар ирүүлж байсан бөгөөд хоногт 1000, жилд 210 000 тонн чихрийн манжин боловсруулах үйлдвэр байгуулах төслийг хамгийн оновчтой гэж үзжээ. Ийм үйлдвэр байгуулбал жилд дунджаар 31 500 тонн элсэн чихэр гарган, импортын 60 гаруй хувийг хангах тооцоо бий аж. Мөн элсэн чихрээс гадна малын тэжээл, спирт зэргийг нийлүүлэх бөгөөд үйлдвэр байгуулахад 140 тэрбум төгрөг шаардлагатай гэнэ. Санхүүжилтээс болоод уг төслийг хэрэгжүүлж эхлээгүйг ХХААХҮЯ-ны мэргэжилтэн хэлсэн юм.