Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамныхан газрын тос дамжуулах хоолой барих төслийн тендерийг энэ сарын 1-нд олон улсад зарласан билээ. Төслийг санхүүжүүлэх, инженерчлэл, худалдан авалт, барилга угсралтын ажлыг гүйцэтгэх компанийг сонгох шалгаруулах тендерт оролцох урилгыг Pipeline and Gas Journal сайтад нийтлүүлсэн юм. Төсөл хэрэгжүүлэх сонирхолтой гадаад, дотоодын 20 орчим компани урьдчилсан сонгон шалгаруулалтад оролцох хүсэлт болон санхүүжүүлэх товч саналыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яаманд ирүүлжээ.
Ташрамд дурдахад, эл хоолой нь Дорнод аймгийн Дашбалбар сумаас Дорноговийн Алтанширээ хүртэл 700 орчим километр тавигдах юм.