Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамныхан Эрдэнэтэд үйлдвэрлэл, технологийн парк байгуулах төсөл санаачлан хэрэгжүүлэхээр бодлого, төлөвлөгөөг нь гаргажээ. Улмаар тэнд барих үйлдвэрүүдийн техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулсан байна. Үйлдвэр, технологийн паркийг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ыг түшиглэн байгуулах нь. Засаг захиргааны нэгжийн хэллэгээр Орхон аймгийн Баян-Өндөр сум, бидний нэрлэдгээр Эрдэнэт хот энэ үйлдвэрийг дагаж боссон түүхтэй. Хүн ам төвлөрөн суусан, уул уурхай чиглэлийн мэргэжил эзэмшүүлдэг дээд сургууль, мэргэжил, сургалт үйлдвэрлэлийн төвтэй, ус болон эрчим хүчний хангамж, тээврийн дэд бүтэц сайн хөгжсөн гэх мэт үйлдвэр, технологийн парк байгуулах дөхөмтэй байх тал Эрдэнэтэд бий.
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ыг түшиглэн таван төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байна. Эхний ээлжид эл баяжуулах үйлдвэрийн ил уурхайд туузан дамжуулгын систем нэвтрүүлэх нь. Өөрөөр хэлбэл, олборлосон хүдрээ туузан дамжуулгаар тээвэрлэнэ гэсэн үг. Ингэснээр тус ТӨҮГ-ын олборлолтын зардал 20 хувиар буурах тооцоолол гарчээ. Уг төслийг 55.5 тэрбум төгрөгийн санхүүжилтээр хэрэгжүүлж буй. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ 4.3 тэрбум төгрөгийг өөрийн хөрөнгөөс санхүүжүүлж буй бол 51.2 тэрбумыг нь зээлж байгаа аж. Мөн баяжуулах үйлдвэртээ өргөтгөл, шинэчлэл хийх нь. Энэ төсөлд 1.17 их наяд төгрөг зарцуулах тооцоо гаргажээ. “Эрдэнэт үйлдвэр” 147.3 тэрбум төгрөгийн санхүүжилтийг орлогоосоо гаргаж, нэг их наяд гаруйг нь зээлэх юм байна. Зэсийн хүдэр баяжуулах үйлдвэрийнхээ өргөтгөлийг дагуулаад Засвар механикийн заводынхоо хүчин чадлыг нэмэхгүй бол амар ажиллахгүй. Тиймээс 109.5 тэрбум төгрөгийн санхүүжилтээр уг заводоо өргөтгөх гэнэ. Хөрөнгө оруулалтын 85.3 тэрбум төгрөгийг мөн л зээлэх аж. Үйлдвэрийг өргөтгөснөөр жилд 32 сая тонн хүдэр боловсруулдаг байсан бол эл тоо 40 саяд хүрэх нь. Түүнчлэн жилд 682 мянган тонн зэсийн баямжал үйлдвэрлэх хүчин чадалтай болох гэнэ.
Ийн “Эрдэнэт үйлдвэр”-ийг өргөтгөн шинэчлэх нь. Үүнтэй зэрэгцүүлээд зэсийн баяжмал боловсруулах үйлдвэр барих төсөл хэрэгжүүлнэ. Өөрөөр хэлбэл, Эрдэнэтэд зэс хайлуулах үйлдвэр барина гэсэн үг. Жилд 560 мянган тонн зэсийн баяжмал боловсруулах хүчин чадалтай байх уг үйлдвэрийг барихад 2.28 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт шаардлагатай аж. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ уг үйлдвэрийг барихад 228 тэрбум төгрөгийн санхүүжилт гаргах бол стратегийн хөрөнгө оруулагч хоёр их наядыг нь шийдвэрлэх юм байна. Зэсийн баяжмал боловсруулахад хүхэртэй хий ялгардаг. Үүнийг нь хүхрийн хүчил болгон хувиргах технологи дэлхийд түгээмэл. Тохирох бодистой урвалд оруулж, саармагжуулахгүй бол хүхрийн хүчил маш аюултай. Тиймээс зэс хайлуулах үйлдвэр барихад хүхрийн хийг нь хэрхэх вэ гэдэг асуудал толгойн өвчин болдог. Эрдэнэтэд барих зэс хайлуулах үйлдвэрийн хүхрийн хийг элементийн хүхэр болгож хувиргахаар төлөвлөж байгаа гэнэ.
Үүнээс гадна “Эрдэнэт үйлдвэр” зэсийн агууламж багатай хүдрийн овоолгоо ашиглаж, катодын зэс үйлдвэрлэхээр төлөвлөжээ. Тэднийх 171 тэрбум төгрөгөөр жилд 10 мянган тонн катодын зэс гаргах хүчин чадалтай үйлдвэр барих гэнэ. Эрдэнэтийн овоо уурхайн агууламж багатай хүдрийг ашиглахаар “Ачит ихт” компани жилд 10 мянган тонн катодын зэс боловсруулах үйлдвэр барьсан. “Эрдмин” компани жилд 3000 тонн зэс боловсруулдаг. Тэгвэл “Зэс эрдэнийн хувь” компани жилд 10 мянган тонн катодын зэс боловсруулах үйлдвэр барихаар зэхэж буй гэнэ. Тэгэхээр Эрдэнэтийн овоолгыг дагаж, катодын зэс үйлдвэрлэх 33 мянган тоннын хүчин чадал бий болох нь. Манай улс өнгөрсөн жил 6.2 мянган тонн катодын зэс үйлдвэрлэж, 33.7 сая ам.долларын орлого олжээ. Баяжмал боловсруулах болон катодын зэсийн үйлдвэрүүдийг ашиглалтад оруулсны дараа ямар нөхцөл бий болох вэ. Өнөөгийн тооцооллоор манай улс жилд 152 мянган тонн цэвэр зэс үйлдвэрлэх хүчин чадалтай болно. Ийм хэмжээний цэвэр зэс үйлдвэрлэж чадвал дэлхийн зах зээлд нэг тэрбум гаруй ам.долларын борлуулалт хийх боломжтой аж. Эл орлогын 80 гаруй хувь нь зэсийн баяжмал боловсруулах үйлдвэрт ногдоно. Зэсээ боловсруулснаар баяжмал зарснаас 10 гаруй хувиар илүү орлого олох юм байна.
Цэвэр зэс үйлдвэрлэх төслүүдийг хэрэгжүүлснээр Эрдэнэтэд шинээр 1000 гаруй ажлын байр бий болох тооцоотой. Зэсийн баяжмалыг боловсруулах үйлдвэр л худалдаж авдаг. Харин цэвэр зэсийг техник, технологийн олон үйлдвэр худалдаж авах нь дамжиггүй. Эрдэнэтийн үйлдвэрлэл, технологийн паркийг дагуулж, зэс утас, кабель, уртасгагч, зэс тууз үйлдвэрлэх боломжтой. Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамныхан зэс боловсруулах, эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх каластр үүсгэх зорилготой аж. Цэвэр зэсээрээ эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж чадвал Эрдэнэтийн овоогоос олборлож буй хүдрийн нэмэгдсэн өртөг улам л өснө. Тиймээс ч өргөжнө гэж тооцож, үйлдвэр, технологийн паркийн төслийг 1300 га талбайд хэрэгжүүлнэ гэж төлөвлөжээ. Зэсийн каластраас гадна үйлдвэрүүдийн хэрэгцээг хангах бараа, бүтээгдэхүүн нийлүүлэх жижиг, дунд 50-60 үйлдвэр бий болно гэж тооцсон байна.
Манай улс Эрдэнэтийн овоо ордоос 40 жил зэсийн хүдэр олборлосон. Уул уурхайн салбарынхан энэ ордын нөөцийг 30 жилийн дараа дуусна гэж ярьдаг. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ нөөцөө нэмэхийн тулд нэмэлт хайгуул хийсээр байгаа аж. Өнөөгийн төлөвөөр Эрдэнэтийн овоо ордын нөөц 60 жил ашиглах хэмжээнд нэмэгдэх боломжтой гэнэ. Тус ордын зэсийн агууламж жил бүр буурсаар байгааг мэргэжилтнүүд хэлдэг. Зэсийн агууламж нь буурах тусам баяжмал хэлбэрээр борлуулахад эдийн засгийн үр ашиг нь багасдаг гэнэ. Энэ тохиолдолд зэсийн баяжмалыг нь боловсруулж, эдийн засгийн үр өгөөж нь буурахаас сэргийлдэг аж. Одоогоор “Эрдэнэт үйлдвэр”-ийн зэсийн баяжмалын агууламж 23-25 хувь байгаа. Цаашид буурах магадлалтай учраас үйлдвэрийнхээ технологийг доод тал нь зэсийн 15 хувийн агууламжтай баяжмал боловсруулах боломжтой байхаар сонгох нь.
Эрдэнэт бол уурхай дагаж байгуулагдсан хот. Эрдэнэтийн овоо нөөц дуусаад уурхай хаагдаж, баяжуулах үйлдвэр үйл ажиллагаагаа зогсоовол 6000 хүн ажилгүй болно. Ажилгүй иргэд хаана хөдөлмөрлөж, амьдарч болохоор байна, тэр газар луу тэмүүлнэ. Уурхай зогсвол ирээдүйд Эрдэнэт хот эзгүйрэх аюултай. Зэс боловсруулах, эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх каластр бий болсноор Эрдэнэт хотын нас уртасна хэмээн хэтийг харж байгаа гэнэ. Нөгөөтээгүүр, Эрдэнэтийн овоо ордын нөөц дууссан ч өөр газраас зэсийн баяжмал авчирч, Эрдэнэтэд боловсруулах боломж бүрдүүлэхийг зорьж буй хэрэг.
Монголчууд “Эрдэнэт үйлдвэр”-ийг “саалийн үнээ” гэж нэрлэдэг. “Саалийн үнээ”-г өргөтгөн шинэчилж, стратегийн хөрөнгө оруулагчтай хамтарч ажиллуулан хөх дэлэнд нь их сүү оруулах нь. “Эрдэнэт үйлдвэр”-ээс “саах сүү” ирээдүйд бялхах бололтой. Үйлдвэрлэл, технологийн парк байгуулах төсөл амжилттай хэрэгжвэл сүү бялхах нь мэдээжийн хэрэг.