УИХ-ын 2008 онд баталсан 30 дугаар тогтоолоор манай улс стратегийн гол бүтээгдэхүүний жагсаалтдаа шатахууны нэр, төрлийг багтаасан байдаг. Ингэснээр шатахууны нэр, төрлийн 30 хоногтой тэнцэх хэмжээний нөөцийг жил бүр бүрдүүлсэн шаардлагатай болсон юм. Шатахууны хангамж, нөөцийг аж ахуйн нэгжийн импортын хэмжээнээс үндэслэн жил бүр шинэчлэн тогтоож, гэрээ байгуулан ажилладаг.
Энэ онд Засгийн газартай 24 аж ахуйн нэгж 120 мянган тонн газрын тосны бүтээгдэхүүн нөөцлөх гэрээ байгуулжээ.
Эдгээр аж ахуйн нэгж манай улсын 30 хоногийн хэрэглээнд шаардагдах А-80 автобензон 4800, АИ-92 автобензон38 800, ДТ 74 200, ТС-1 онгоцны түлш 2550 тонныг нөөцлөхөөр болсон аж. Тэгвэл энэ сарын 9-ний байдлаар улсын хэмжээнд ердийн хэрэглээний 39 хоногийн газрын тосны бүтээгдэхүүнийг нөөцлөөд байгаа аж. Нэр төрлөөр нь авч үзвэл А-80 автобензоны 62, АИ-92 автобензоны 48, дизель түлшний 34, ТС-1 онгоцны түлшний 14 хоногийн нөөцийг бүрдүүлжээ.