Монгол Улсыг өнгөрсөн оны аравдугаар сард ФАТФ буюу Мөнгө угаахтай тэмцэх санхүүгийн хориг арга хэмжээ авах байгууллага “саарал жагсаалт”-аас гаргалаа. Уг жагсаалтад мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх стратегийн дутагдалтай орнуудыг оруулдаг. ФАТФ-ын “саарал жагсаалт”-аас гарчихвал дахиад орохгүй гэх ойлголт байхгүй. Манай улс мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх бодлого, арга хэмжээнийхээ тайланг 2023 онд дахин хамгаална. Хийж, хэрэгжүүлнэ гэж тохиролцсон ажлаа амжуулахгүй бол дахиад “саарал жагсаалт”-д орох нь ойлгомжтой. Манайх 2013 онд энэ жагсаалтад орж байсан. Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийг 2014 онд баталснаар мөнөөх жагсаалтаас гарч байв. Гэвч эрх зүйн орчноо бүрдүүлсэн ч хэн хэрэгжүүлэх нь тодорхойгүй гэсэн үндэслэлээр 2017 онд ФАТФ-аас 40 зөвлөмжийнх нь 20-ыг сайжруулах “даалгавар авсан” юм. Манай төрийн эрх бүхий байгууллагууд “Танайх хэрэгжүүлэх ёстой”, “Бид хэрэгжүүлэхгүй” гэж толхилцсоор байгаад 2019 онд дөрвөн зөвлөмжийг биелүүлээгүй гэсэн үндэслэлээр дахин “саарал жагсаалт”-д орсон түүхтэй.
ФАТФ-аас “Банкнаас бусад санхүүгийн салбар, нягтлан бодогч, хуульч, нотариатч, үл хөдлөх хөрөнгийн зуучлагч, алт, үнэт чулууны арилжаа эрхлэгчдийн эрсдэлийг үнэлэх, хяналт шалгалт хийх болон зөрчил гаргасан этгээдэд авах арга хэмжээ үйл ажиллагаа хангалтгүй”, “Мөнгө угаахтай холбоотой үйлдэл болон гэмт хэрэгт мөрдөн шалгах үйл ажиллагаа 2017 оноос хойш нэмэгдсэн боловч гэмт хэргийн эрсдэлийн түвшин, шүүхээр шийдсэн хэргийн тоо хангалтгүй”, “Хилээр бэлэн мөнгө мэдүүлэхгүй, худлаа мэдүүлж нэвтрүүлэх зөрчлийг илрүүлэх арга хэмжээг цаашид сайжруулах шаардлагатай”, “Үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэх, терроризмыг санхүүжүүлэхтэй холбоотой НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн хориг арга хэмжээг хэрэгжүүлэхэд дутагдал байна, урьдчилан сэргийлэх, хяналт шалгалтыг сайжруулах шаардлагатай” гэсэн үндэслэл гаргаж, эдгээр дөрвөн чиглэлээр тодорхой ажил хийх даалгавар өгсөн.
Дээрх даалгаврыг хэрэгжүүлэх хүрээнд Санхүүгийн зохицуулах хорооноос Үл хөдлөх хөрөнгө зуучлал, үнэт эдлэлийн зохицуулалтын газрыг байгуулан ажиллаж байна. Энэ нь үл хөдлөх хөрөнгийн зуучлал, алт, үнэт чулууны арилжаа эрхлэгчдээр дамжуулан мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх гэмт хэрэг үйлдэх эрсдэлийг бууруулах зорилготой газар юм. Үл хөдлөх хөрөнгө зуучлал, үнэт эдлэлийн зохицуулалтын газрын дарга Н.Энхтуяа “Манай үл хөдлөх хөрөнгө зуучлан борлуулагч, түрээслэгч болон алт, үнэт эдлэлийн арилжаа эрхлэгчдийг бүртгэх, хяналт тавих, эдгээрээр дамжуулан мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх бодлогыг боловсруулан ажиллаж байна” гэв. УИХ-аас Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хууль, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулснаар дээрх газрыг байгуулах эрх зүйн орчин бүрджээ. Өөрөөр хэлбэл, хоёр хуульд нэмэлт, өөрчлөлт оруулснаар Санхүүгийн зохицуулах хороонд дээрх газрыг байгуулахыг зөвшөөрч, тусгай зөвшөөрөл олгох эрх өгсөн хэрэг.
Байгуулагдаад жилийн нүүр үзэж буй Үл хөдлөх хөрөнгө зуучлал, үнэт эдлэлийн зохицуулалтын газрынхан үл хөдлөх хөрөнгө зуучлан борлуулах, түрээслэх үйлчилгээ эрхэлдэг 176 аж ахуйн нэгж, иргэнд тусгай зөвшөөрөл олгожээ. Мөн алт, үнэт эдлэлийн арилжаа эрхлэгч 34 аж ахуйн нэгж, 404 иргэнд тусгай зөвшөөрөл олгосон байна. 404 иргэнд үнэт эдлэлийн худалдаачин, дархан, алтны ченж багтжээ. Үүнээс гадна Монголбанк болон арилжааны банкуудыг зөвхөн тусгай зөвшөөрөлтэй хуулийн этгээдээс алт худалдаж авахыг журамласан аж. Цаашлаад барилга бариад, өөрсдөө борлуулалтаа хийдэг компаниудыг ч тусгай зөвшөөрөл ав гэж шаардаж буй гэнэ. Зарим томоохон нь үл хөдлөх хөрөнгө зуучийн үйл ажиллагаа эрхлэх охин компани байгуулж, тусгай зөвшөөрөл авахаар болсныг Н.Энхтуяа дуулгав.
Үл хөдлөх хөрөнгө зуучлал, үнэт эдлэлийн зохицуулалтын газраас бүртгэлтэй холбоотой хэрэгжүүлсэн өөр нэгэн ажил нь аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааны чиглэлээс үл хөдлөх хөрөнгийн зууч, алт, үнэт эдлэлийн худалдаа эрхлэх “эрх”-ийг нь хасуулсан явдал аж. Улсын бүртгэлийн ерөнхий газартай хамтран ажилласнаар 6728 аж ахуйн нэгжийн үл хөдлөх хөрөнгө зуучлалын үйлчилгээ эрхлэх үйл ажиллагааны чиглэлийг гэрчилгээнээс нь хасуулжээ. Товчхондоо, үйл ажиллагааныхаа чиглэлд үл хөдлөх хөрөнгө зуучлалын үйл ажиллагаа эрхэлнэ гэж заасан олон компани ийм төрлийн ажил эрхэлдэггүй байсан гэсэн үг. Мөн 230 аж ахуйн нэгж алт, үнэт эдлэлийн худалдаа эрхлэх үйл ажиллагааны чиглэлээ хасуулсан байна. Энэ бол хүчээр хийсэн ажил биш. Хөрөнгө оруулагчид нь хүлээн зөвшөөрөөд хасуулсан хэрэг. Тэдэнд үл хөдлөх хөрөнгө зуучлал, алт, үнэт эдлэл худалдах, урлах үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл авах боломж байсан. Хэрэв тусгай зөвшөөрөл авахгүйгээр үл хөдлөх хөрөнгө зуучлал, алт, үнэт эдлэлийн арилжаа эрхэлбэл Зөрчлийн тухай хуулийн дагуу 40 сая төгрөгөөр торгож, олсон орлогыг нь хураах хуулийн зохицуулалттай гэнэ.
Санхүүгийн зохицуулах хорооны тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хамгийн гол үүрэг нь мэдээлэх. Тиймээс тэднийг мэдээлэх үүрэгтэй этгээд гэж нэрлэдэг. Мэдээлэх үүрэгтэй этгээд нь 20 сая төгрөгөөс дээш үнийн дүн бүхий гүйлгээ, худалдан авалтыг өдөрт нь мэдээлж байх үүрэгтэй. Мөн олон удаагийн давтан үйлдэл ажиглагдах гэх мэт сэжигтэй гүйлгээг мэдээлэх үүрэг хүлээнэ. Улс төрд нөлөө бүхий хүн гүйлгээ хийж, үл хөдлөх хөрөнгө, үнэт эдлэл худалдаж авбал мэдээлэх үүрэг хүлээнэ. Жишээ нь, их хэмжээний алт, мөнгөөр үнэт эдлэл хийлгэвэл түүнийг урласан дархан мэдээлэх үүрэг хүлээх юм. Авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдэж олсон мөнгөөрөө хүмүүс жин дарах зүйлс худалдаж авах хандлагатай байдаг аж. Мэдээлэх үүрэгтэй этгээд нь мөнгө угаах гэмт хэргийг нотлох албагүй. Харин “ховлоход” л хангалттай. Нотлох, шалгах ажлыг нь хууль, хяналтын байгууллагынхан гүйцэтгэнэ. Хэрэв мэдээлэх үүрэгтэй этгээд нь мөнгө угааж буй гэмт хэрэгтэнтэй хуйвалдан “ховлох”-гүй өнгөрвөл эрүүгийн хариуцлагад татагдана.
Үл хөдлөх хөрөнгө, алт, үнэт эдлэлээр дамжуулан мөнгө угаах үйлдлийг таслан зогсоох арга хэмжээ ийн авчээ. ФАТФ-ын зөвлөмжид санхүүгийн бус мэргэжлийн үйлчилгээ үзүүлдэг хүмүүсийг мэдээлэх үүрэгтэй этгээд болгохыг тусгасан байдаг. Үл хөдлөх хөрөнгө зуучлагч, түрээслэгч, үнэт эдлэлийн худалдаачин, урлаач мэдээлэх үүрэгтэй этгээд болсон талаар дээр өгүүллээ. Тэгвэл нотариатч, хуулийн зөвлөх, аудитын үйлчилгээ үзүүлэгчид мэдээлэх үүрэгтэй этгээд болох ёстой. Анзаарсан бол нотариатаар баталгаа хийлгэхэд таны хурууны хээг уншуулдаг болсон. Энэ нь таны мэдээллийг цуглуулж буй хэрэг юм. Нотариатч мэдээлэх үүргээ хэрэгжүүлээд эхэлсэн гэсэн үг. Хулгайч, авлигач, албан тушаалын гэмт хэрэгтний мөнгөө угаах замыг илчлэх тогтолцоо ийн тэлсээр байна.