“Эрдэнэс Тавантолгой” компани 2019 онд нэг их наяд гаруй төгрөгийн ашигтай ажиллаж, иргэдэд анх удаа ногдол ашиг олгосон. Тодруулбал, нэгж хувьцаанд 90 буюу 1072 хувьцаатай иргэнд 96 480 төгрөгийн ашиг хуваарилсан. Иргэд өнгөрсөн оны есдүгээр сард ногдол ашгаа авсан билээ. Харин 2020 оны ашгаасаа ногдол ашиг хуваарилахгүй, төсөл, хөтөлбөртөө хөрөнгө оруулах шийдвэрийг компанийн ТУЗ гаргасан байна. Учир нь тус компани Тавантолгой-Зүүнбаян, Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтыг санхүүжүүлэхээс гадна компанийн хөгжилд зайлшгүй шаардлагатай нүүрс баяжуулах үйлдвэр, Тавантолгойн цахилгаан станц барих зэрэг том төслийг ойрын 2-3 жилд багтаан хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.
Түүнчлэн “Ковид-19”-ийн улмаас компанийн ашиг өнгөрсөн онд төлөвлөснөөсөө хэд дахин бага байжээ. 2020 онд “Эрдэнэс Тавантолгой” 26 сая тонн нүүрс олборлож, 25 сая тонныг борлуулан, 800 гаруй тэрбум төгрөгийн ашиг олохоор төлөвлөжээ. Тэгвэл жилийн эцсийн тайлангаар 13 сая тонн нүүрс олборлож, 11.9 сая тонныг борлуулж, 161 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллажээ. Компанийн хувьцааны 85 хувийг төр, 14.8 хувийг нь иргэд, дотоодын аж ахуйн нэгжүүд эзэмшдэг. Тэгэхээр 1072 хувьцаатай нэг иргэнд 12 000 төгрөгийн ногдол ашиг хуваарилах тооцоо гарчээ. Улсын хэмжээнд 1072 ширхэг хувьцаатай нэг сая гаруй иргэн байдаг. Харин үлдсэн нь 527-1063 ширхэг хувьцаатай гэнэ. Тэгвэл 527 ширхэг хувьцаатай иргэн гэхэд л 5900 орчим төгрөгийн ногдол ашиг авахаар байсан юм.
Бэлтгэсэн: М.Оч