“Эрдэнэт үйлдвэр”-ийн хүдрийн агуулга багатай хоёрдугаар овоолгыг түшиглэн “Ачит ихт” компани жилд 10 мянган тонн катодын зэс боловсруулах үйлдвэр барьж, 2014 онд ашиглалтад оруулсан. Анх хүдрийн овоолгоо ашиглуулж буй “Эрдэнэт үйлдвэр” нь “Ачит ихт” компанийн хувьцааны 34, хөрөнгө оруулагч тал 66 хувийг эзэмшихээр тохирчээ. Уг тохиролцоо өдгөө ажил хэрэг болж байна. Тодруулбал, “Эрдэнэт үйлдвэр” тус компанийн хувьцааны 34 хувийг эзэмших шийдвэр гарч, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам болон хөрөнгө оруулагч тал тохиролцоонд хүрсэн гэнэ. Засгийн газарт “Ачит ихт” компанийн хувьцааны 34 хувийг эзэмших, эсвэл хоёр хувийн өсөн нэмэгдэх татвар хураах сонголт байжээ. Тэгвэл Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамныхан хувьцааных нь 34 хувийг эзэмших сонголтыг хийсэн байна. Ингэсэн нь илүү үр өгөөжтэй гэж үзсэн аж. Зэсийн агуулга багатай хүдрийн овоолгыг үүсмэл орд хэмээн нэрлэхээр Ашигт малтмалын тухай хуульд тусгасан билээ.