Статистик мэдээллээс харахад манай улсын санхүүгийн үйлчилгээний хүртээмж хөгжлийн ижил түвшинд буй улс оронтой харьцуулахад өндөр гарсан нь арилжааны банканд данстай иргэдийн тоогоор хэмжиж тодорхойлсон байдаг. Энэ нь манай иргэд болон аж ахуйн нэгж банкнаас бусад санхүүгийн байгууллагаас хүртэж буй бүтээгдэхүүн үйлчилгээний хүртээмж сул гэдгийг илтгэж байна. Санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэх нь аж ахуй нэгж, байгууллагуудын бүтээмжийг дээшлүүлэх, орон нутаг, алслагдсан бүс нутгуудад амьдарч буй иргэдийн нийгэмд эзлэх байр суурийг нэмэгдүүлэх, эдийн засгийн оролцоог сайжруулах бодлогын чухал хэрэгсэл. Үүний тулд шинэ технологид тулгуурласан бүтээгдэхүүн үйлчилгээг зах зээлд нэвтрүүлэх, түүнийг таниулах, санхүүгийн олон дэд салбар (жишээ нь банк, бичил санхүү, даатгал гэх мэт), мэдээлэл харилцаа холбооны технологи, өгөгдлийн дэд бүтцийг хамарсан бодлогын өргөн хүрээтэй зорилтыг дэвшүүлж, эрэлт ба нийлүүлэлтийн талыг хамтад нь авч үзэх шаардлага тулгарч байна. Иймд Санхүүгийн зохицуулах хорооноос эдийн засгийн хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор “Монгол Улсын санхүүгийн хүртээмжийг сайжруулах хөтөлбөр”-ийг боловсруулсан. Улмаар хөтөлбөрийг Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлийн ээлжит хурлаар хэлэлцүүлээд зөвлөлийн гишүүн байгууллагууд буюу Монголбанкны ерөнхийлөгч, Санхүүгийн зохицуулах хорооны дарга, Сангийн сайд, Хадгаламжийн даатгалын корпорацийн гүйцэтгэх захирлын хамтарсан тушаалаар батлагдлаа. Санхүүгийн хүртээмжийг сайжруулах хөтөлбөр хэрэгжсэнээр хууль эрх зүйн орчин боловсронгуй болж дэвшилтэд технологид тулгуурласан бүтээгдэхүүн үйлчилгээ зах зээлд нэвтэрнэ. Мөн санхүүгийн бүтээгдэхүүн үйлчилгээний төрөл нэмэгдэж, үйлчилгээний зардал буурахын зэрэгцээ иргэдийн санхүүгийн боловсрол дээшилж, санхүүгийн үйлчилгээг хямд, хялбар, түргэн шуурхай хүргэх нөхцөл бүрдэх юм. Мөн санхүүгийн үйлчилгээнд шинээр нэвтэрч буй технологид суурилсан шинэлэг бүтээгдэхүүн, үйлчилгээ, бизнес загварыг дотоодын санхүүгийн зах зээлд нэвтрүүлэх, сэндбокс зохицуулалтын орчинг бүрдүүлэх зорилгоор “Сэндбокс зохицуулалтын орчны журам”-ыг баталжээ. Журамд Санхүүгийн зохицуулах хороо, Монголбанкны зохицуулалт дор хязгаарлагдмал хүрээг хамарсан бодит орчинд тодорхой цаг хугацаанд турших боломж олгох, оролцогчдод тавигдах шаардлагыг тодорхойлох, холбогдох харилцааг зохицуулахаар тусгагдсан. Сэндбоксыг хэрэгжүүлснээр зохицуулагч байгууллагууд шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээний бодит хэрэгцээ шаардлагыг тодорхойлох, түүний эрх зүйн орчинг бүрдүүлэх нөхцөл бий болно. Харин зах зээлд оролцогчдод хууль эрх зүйн зохицуулалтад нийцүүлсэн шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээг зах зээлд нэвтрүүлж, турших боломжийг нээж өгдөг тул финтекийн хөгжлөөр тэргүүлж буй улс орнууд сэндбокс орчныг зохицуулалтын оновчтой арга хэрэгсэл гэж үздэг. Сонирхуулахад, 2016 оноос зах зээлд нэвтэрсэн зохицуулалтын энэхүү арга хэрэгслийг өнөөдөр дэлхийн 50 орчим улс идэвхитэй судалж, хэрэгжүүлж байна.