ХХОАТ-ын хуульд зааснаар иргэд есөн төрлийн орлогын чөлөөлөлт, арван төрлийн албан татварын хөнгөлөлт эдэлнэ. Хоёрдугаар сарын 15-ны байдлаар 110 мянган иргэн ХХОАТ-ын тайлангаа ирүүлжээ. Ингэснээр иргэд дээрх төрлийн хөнгөлөлт эдлэх эрх үүснэ. Тайлангаа гаргасан иргэдээс 32 мянга нь орон сууц, сургалтын төлбөрийн хөнгөлөлт эдлэхээр хүсэлт гаргасан байна. 2020 оноос өмнөх мөрдөж байсан Хувь хүний орлогын албан татварын хуулийн хүрээнд татвар ногдох орлогын чөлөөлөлт буюу 30 сая төгрөгөөс дээшгүй орлого чөлөөлж түүнд ногдох татвар гурван саяас дээшгүй татварын хөнгөлөлтийг буцаан авдаг байсан. Харин 2020 оны нэгдүгээр сарын 1-нээс мөрдөж буй Хувь хүний орлогын албан татварын хуулиар зургаан сая хүртэл төгрөгийн татварын хөнгөлөлт буюу зургаан сая хүртэл татварыг буцаан олгохоор заасан. Өөрөөр хэлбэл, өмнөх хуулиар татвар ногдох орлогын чөлөөлөлт эдэлдэг байсан бол 2020 оноос татварын хөнгөлөлт эдэлдэг болсон. Орон сууц, сургалтын төлбөрийн буцаан олголт авах хүсэлтийг энэ сарын 26-ныг хүртэл цахимаар бүртгэнэ.