Үндэсний статистикийн хорооноос мэдээлснээр Монгол Улсын үйлдвэрлэлийн аргаар тооцсон дотоодын нийт бүтээгдэхүүн өнгөрсөн онд урьдчилсан гүйцэтгэлээр оны үнээр 37 их наяд төгрөг болжээ. Энэ нь өмнөх оныхоосоо 322.3 тэрбум төгрөгөөр буурсан үзүүлэлт аж. Тэгвэл 2010 оны зэрэгцүүлэх үнээр 18 их наяд болж, нэг их наяд төгрөгөөр буурсан байна. Өөрөөр хэлбэл, манай улсын эдийн засаг 5.3 хувиар буурчээ. Монгол Улсын эдийн засаг зах зээлийн нийгэмд шилжих үе буюу 1991 онд 8.7, 1992 онд 9.3, 1993 онд 3.2 хувиар агшиж байсан. Түүнчлэн дэлхийн эдийн засаг хямарсан үе буюу 2009 онд 1.3 хувиар агшиж байсан билээ. Бусад жилд эдийн засаг их, бага хэмжээгээр өссөн юм. Дотоодын нийт бүтээгдэхүүн 2020 оны дөрөвдүгээр улиралд өмнөх улирлаасаа 2.9 хувиар өсжээ. Ингэснээр эдийн засгийн агшилт багассан байна. Эдийн засаг 2020 онд 5.3 хувиар буурсны хоёр пункт нь уул уурхай, олборлолтын салбарт, гурав нь үйлчилгээнийхэд ногдож байгаа аж. Тухайлбал 1.5 пункт нь тээвэр, мэдээлэл холбоо, 1.3 нь бөөний, жижиглэн худалдаа, харин 1.1 нь бүтээгдэхүүний цэвэр татварт ногджээ. Тэгвэл өнгөрсөн онд хөдөө аж ахуйн салбарын нэмэгдэл өртөг 2.7 их наяд төгрөгт хүрч, өмнөх оныхоосоо 6.2 хувиар өсөв. Энэ нь дотоодын нийт бүтээгдэхүүнд 0.8 пунктээр эергээр нөлөөлсөн байна. Мал аж ахуйн салбарын үйлдвэрлэл 6.3 хувиар өсжээ. Үүнд малын ашиг шимийн бүтээгдэхүүн үйлдвэрлэл 5.9 хувиар нэмэгдсэн нь голлон нөлөөлсөн гэнэ.
Бэлтгэсэн: Г.Бат