УИХ-ын намрын чуулганаар хамгийн сүүлд Газрын тос боловсруулах үйлдвэрийг дэмжих тухай хуулийг хэлэлцлээ. Хүний эрхийн жагсаалын дараа огцорсон Засгийн газрыг шинээр бүрдүүлэх дуулианд дарагдаад ямар үр өгөөжтэй хууль баталсныг олон нийт төдийлөн анзаарахгүй өнгөрөв. Долоон зүйл бүхий гуравхан хуудас хуулийг УИХ-ын гишүүд ёс төдий хэлэлцээд баталсан. Энэ хуулийн бие жижиг ч бэлчээр нь том юм. Уг хуулийг баталснаар Дорноговь аймгийн Алтанширээ суманд барьж буй газрын тос боловсруулах үйлдвэр төлөвлөсөн хугацаандаа ашиглалтад орох, цаашлаад түүхий эдийн нөөцөө нэмэгдүүлэх эрх зүйн орчныг бүрдүүллээ. Газрын тос боловсруулах үйлдвэрийг дэмжих хуулийн нэг гол зорилго нь цаг хугацааг хураангуйлах байжээ.
Хуулийн үзэл баримтлалд “Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу “Барилгын үйл ажиллагаанд олон улсын байгууллага, гадаадын барилга байгууламжийн норм, дүрэм, стандартыг бүртгэх, хэрэглэх журам”, “Гадаадын стандарт бүртгүүлэн хэрэглэх журам”-ын дагуу олон улсын стандартыг орчуулан бүртгүүлсний үндсэн дээр Монгол Улсад ашиглах боломжтой. Үйлдвэрийн бүтээн байгуулалтын үе шатанд олон улсын 2000 гаруй норм, дүрэм, стандарт ашиглахаар байгаа бөгөөд тэдгээрийг орчуулж, бүртгүүлэхэд маш их цаг хугацаа, хөрөнгө зардал зарцуулахаар байна. Монгол Улс жилдээ ойролцоогоор 10 орчим норм, дүрэм стандартыг орчуулан нутагшуулдаг” гэж бичсэн байв. Уг хуулийг баталснаар олон улсын 2000 гаруй норм, дүрэм, стандартыг орчуулах шаардлагагүй, англи хэлээр нь нэг удаа хэрэглэх эрх зүйн орчин бүрдсэн. Норм, дүрэм, стандартыг орчуулж бүртгэхэд урт хугацаа шаардах нь мэдээж. Англи эхээр нь хэрэглэх болсноор цаг хугацааг товчилж буй юм.
Мөн хуулийн үзэл баримтлалд “Гадаадын компаниудын боловсруулсан онцгой төвөгшилтэй цогцолбор үйлдвэрийн зураг төслийг Монгол Улсын Барилгын тухай хууль, холбогдох дүрэм, журмын дагуу монгол хэлээр орчуулан, улсын шинжээчээр магадлуулах нь газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын хугацааг маш ихээр хойшлуулахаар байна. Тиймээс зураг төслийг гүйцэтгэгч гадаадын компанитай байгуулсан гэрээний хэл буюу англиар хүлээн авах, магадлал хийх, түүний дагуу хяналт тавих, барилгын ажлын зөвшөөрөл олгох эрх зүйн орчин бүрдүүлэх шаардлагатай байна” гэж бичжээ. УИХ энэ саналыг хүлээн авсан. Ингэснээр газрын тос боловсруулах үйлдвэр төлөвлөсөн хугацаандаа ашиглалтад орох нөхцөл бүрдэж байгааг хууль санаачлагчид онцолсон. Монгол Улс түүхэндээ анх удаа газрын тос боловсруулах үйлдвэр барьж байна. Үүнийг барьсны дараа мөддөө дахин ийм төрлийн үйлдвэр барих шаардлагагүй. Тэгэхээр нэг удаа хэрэглэх норм, дүрэм, стандарт, зураг төсөл, магадлалыг орчуулж цаг алдахгүй байх нь зөв.
Уг хуулийг газрын тос боловсруулах үйлдвэрийг бүрэн ашиглалтад оруултал хэрэгжүүлэхээр тусгажээ. Газрын тос боловсруулах үйлдвэрийг 2025 оны нэгдүгээр улиралд ашиглалтад оруулахаар төлөвлөж буй. Анх үйлдвэрийн техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулахдаа 2024 онд ашиглалтад оруулахаар тооцож байсан. “Ковид-19” өвчин тархаж, хөл хорио тогтоосноор ашиглалтад оруулах хугацааг хойшлуулжээ. Газрын тос болосвруулах үйлдвэрийг дэмжих тухай хуулийг батлаагүй бол ашиглалтад оруулах хугацаа нь бүр их хойшлох байсныг та анзаарсан биз. “Монгол БНЭУ-ын Засгийн газрын Экспорт-Импортын банкны 1.2 тэрбум төгрөгийн зээлээр барьж буй. Үйлдвэрийг дагалдах дэд бүтэц болох авто болон төмөр зам тавих, цахилгаан дамжуулах шугам татах, барилга байгууламж, газрын тосны хоолой барихад 300-400 сая ам.долларын санхүүжилт шаардлагатай. Өөрөөр хэлбэл, нийтдээ 1.5 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтаар Монгол Улс газрын тос боловсруулах үйлдвэртэй болно гэсэн үг.
…Тус үйлдвэрийнхэн газрын тосны их хэмжээний нөөц илрэх магадлалтай “Давст-31” талбайд хайгуул хийх сонирхлоо илэрхийлээд байгаа. Тэгэхээр дээрх талбайд улсын үйлдвэрийн газар өөрөө хайгуул хийж, нөөц тогтоох эрх зүйн орчин бүрдсэн гэсэн үг. Сонгон шалгаруулалтад оролцож, цаг алдахгүй давуу эрхээр хайгуулын зөвшөөрлөө авчихна. Мөн л цаг хугацааг товчилсон зохицуулалт болжээ…
Манай улс ОХУ-аас жилд ойролцоогоор 1.5 тэрбум ам.доллароор бензин, дизелийн түлш худалдан авдаг. Нэг жил шатахуун худалдан авах мөнгөөрөө үйлдвэр барих ажлаа эхлүүлээд байна. Тиймээс газрын тос боловсруулах үйлдвэр эдийн засгийн өндөр үр ашигтай төсөл юм. Товч дурдахад, жил бүр 1.5 тэрбум ам.доллар гадагш урсахгүй дотоодын зах зээлд үлдэхээр “ногоон”-ы ханш тогтворжино, улсын валютын нөөц өснө. Ажлын байр олныг бий болгоно. Үүгээр зогсохгүй уг үйлдвэрийг барьснаар Монгол Улс гадаадын хараат байдлаас гарна. Тэгэхээр үндэсний аюулгүй байдалд эерэг нөлөөтэй, стратегийн төсөл гэсэн үг. Төслийг хэрэгжүүлж буй “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” компанийнхан импортынхоос бага үнээр шатахуунаа борлуулна гэж мэдэгдэж буй. Үйлдвэр барьсны хэргийг ингэж гаргахаас өөр яах билээ. Хэрэв үйлдвэрээс гарч буй шатахуун импортынхоос өндөр үнэтэй байвал үйлдвэр барьсны ашиг гарахгүй.
Газрын тос боловсруулах үйлдвэрийн түүхий эд санаа зовоосон асуудал хэвээр байна. Дорнод аймгийн Матад сумын нутаг Тосон-Уул, Тамсагийн ордоос газрын тос олборлож буй “Петрочайна дачин тамсаг” компани 2012 онд “Орд ашиглах үйл ажиллагааны төлөвлөгөө”-гөө Газрын тосны газрын (хуучин нэрээр) Хайгуул, ашиглалтын техникийн зөвлөлөөр хэлэлцүүлж, тус газрын даргын 125 дугаар тушаалаар батлуулжээ. Ингэхдээ жилд 1.5 сая тонн газрын тос олборлоно гэсэн төлөвлөгөө батлуулсан байна. Үүнд нь тулгуурлаж газрын тос боловсруулах үйлдвэрийн хүчин чадлыг тооцсон гэнэ. Гэвч “Петрочайна дачин тамсаг” компанийн газрын тосны олборлолт эрчим хүчний хангамжийн дутагдал, орон нутгийн иргэдийн эсэргүүцэл, дэлхийн зах зээл дээрх түүхий тосны үнийн уналт зэргээс шалтгаалан төлөвлөгөөндөө хүрэхгүй байгаа аж. Үүгээр зогсохгүй цаашдаа олборлолтоо бууруулах болсноо дуулгасан байна. Тэгээд ч газрын тос боловсруулах үйлдвэрт түүхий эдээ өндөр үнээр нийлүүлэхээ мэдэгджээ. Тиймээс арай хямд үнэтэй, түүхий тосны хангалттай хэмжээний нөөц бүрдүүлэх шаардлага үүсээд буй.
Уг тулгамдсан асуудлыг шийдвэрлэх хоёр арга замыг дээрх хуулийн төсөлд тусгаж өгсөн. Эхнийх нь “Монгол газар тос боловсруулах үйлдвэр” өөрийн газрын тосны хайгуулын талбайтай болж, нөөцөө бүрдүүлэх бодлого юм. Өнөөгийн эрх зүйн зохицуулалтаар бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулах сонгон шалгаруулалтад тэнцэж, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж, зөвшөөрөл авч байж газрын тосны хайгуулын талбайтай болно. Тиймээс “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр”-т хайгуулын талбайг давуу эрхээр олгох зохицуулалтыг Засгийн газар хийхээр хуульд тусгаж өгсөн. Засгийн газар эл хуультай уялдуулан журам батлаад богино хугацаанд “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр”-т хайгуулын талбай олгож болох юм.
Тус үйлдвэрийнхэн газрын тосны их хэмжээний нөөц илрэх магадлалтай “Давст-31” талбайд хайгуул хийх сонирхлоо илэрхийлээд байгаа. Тэгэхээр дээрх талбайд улсын үйлдвэрийн газар өөрөө хайгуул хийж, нөөц тогтоох эрх зүйн орчин бүрдсэн гэсэн үг. Сонгон шалгаруулалтад оролцож, цаг алдахгүй давуу эрхээр хайгуулын зөвшөөрлөө авчихна. Мөн л цаг хугацааг товчилсон зохицуулалт болжээ. “Давст-31” талбайд хайгуул хийх бэлтгэл ажил хангахын тулд 1-2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт шаардлагатай гэнэ лээ. Нөгөөх арга нь одоо газрын тосны хайгуул хийж буй компаниудын нөөцийг дэмжлэг үзүүлэн бүртгэх аж.
Дээрхээс гадна Газрын тос боловсруулах үйлдвэрийг дэмжих тухай хуульд газрын тос боловсруулах үйлдвэрийг усны хайгуулын төлбөрөөс чөлөөлөх, гадаадын ажиллах хүчин ажиллуулах хөнгөлөлттэй нөхцөл бүрдүүлэх, барилга угсралтад шаардлагатай машин механизм, техник, тоног төхөөрөмж, дагалдах хэрэгсэл, түүхий эдийг тээвэрлэх, хилээр оруулахад гаалийн бүрдүүлэлт шуурхай хийхэд дэмжлэг үзүүлэхийг тусгажээ. Үүнээс гадна газрын тос боловсруулах үйлдвэр болон түүхий тос дамжуулах хоолойн аюулгүй байдлыг хамгаалах зохицуулалт хийхийг Засгийн газарт даалгажээ.