Монгол бөхчүүд ард түмний урмыг үе үе хугалах болов. Ер нь тэд сүүлийн 20 жил дотроо ч эв эеэ олохгүй маргаж, сүүлийн үед ихээхэн “галзуурч” буй сураг дуулдах болсон. Хүн ална, хүчингийн хэрэгт холбогдоно, зодон цохионд оролцоно, залилан хийнэ, бусдын эд хөрөнгийг хүчээр авах гэж сүрдүүлнэ. Зохион байгуулалттайгаар аливаа асуудалд оролцож, бусдыг айлгаж, ичээж, газрыг нь булааж, эсвэл мөнгө хүүлэгч нарт үйлчилнэ. Бүр УИХ-ын сонгуульд оролцож, иргэдийн санал авахад нөлөөлдөг гэх мэт элдэв мэдээлэл гарах болсон. Уг нь ард түмэн үндэсний өв соёлыг тээгчид гэсэн сэтгэлээр бөхчүүдийг битүүхэндээ өмөөрч, хайрлаж хүндэлж ирсэн. Харин өнөөдөр олон хүн бөхчүүдээс жигшиж, тээршээх маягтай болж. Бөхчүүд үндэсний бөхийг хөгжүүлж, ухаан сийлж, уран мэхийг уралдуулан барилдах бус, наадам боллоо, маргаашаас нь бөөн сэргээшийн асуудал ундарч, шүүх, шүүхийн үүд сахиж, маргадаг болоод удлаа.
Саяхан Монголын үндэсний бөхийн холбооныхон өв соёлын нэр барьж, өвчин зовлонтой үед барилдана хэмээн баахан дүвчигнэв. Гол санаа нь шороотой хутгалдсан бөхийн нэрийг Цагаан сараар барилдаж сэргээх юм гэнэ. Цагаан сар хийхгүй, олон нийтийг хамарсан үйл ажиллагаа зохион байгуулахгүй гэх төрийн шийдвэрийг эсэргүүцэж буй аятай дээрх холбооныхон баахан бичиг цаас шидэж, үзэгч түмнийг гэгэлзүүлж, сэтгэлийг нь хоёрдуулав.
Говь-Алтай аймгийн Засаг дарга О.Амгаланбаатар ч үндэсний бөхийг барилдуулах, эс барилдуулах асуудлыг улстөржүүлэх маягтай мэдэгдэл хийв. Тэрбээр “Говь-Алтай аймагт Цагаан сарын баяраар бөх барилдахад коронавирус тарахгүй байсан юм. Халдвар хамгааллын дэглэмээ ягштал мөрдөж, эрүүл мэндийн үзлэг шинжилгээнд 10 сая төгрөг зарцуулахаар төсөвлөсөн. Энэ мөнгийг Монголын үндэсний бөхийн холбооныхон гаргана. Улмаар бид Цагаан сараар бөх барилдуулж, хандив цуглуулах байлаа. Тэрбум төгрөг олох тооцоо гарсан. Хажуугаар нь бид үндэсний өв соёлоо сурталчлахаар төлөвлөсөн. Гэтэл сошиалаар иргэд эсэргүүцээд болиулчихлаа” гэх агуулгатай зүйл ярьсан. Үгүй ээ, Засаг дарга аа. Бид эсэргүүцээгүй. Цаг мундсан биш, цар тахлын үед ийн аягласан болохоор иргэд бөх барилдуулахыг дэмжээгүй хэрэг. Тиймдээ ч Цагаан сарын баяр тэмдэглэхгүй, үндэсний бөх барилдуулахгүй гэх төр, засгийн шийдвэрийг дагаж, олноороо давалгаалсан юм. Ёс ёмбогор төр төмбөгөр гэдэг учраас нэгэнт тогтсон шийдвэр журмыг нийтээрээ дагаж мөрдөх нь хаа хаанаа зөв биз. Хотод хоногт коронавирусийн халдвар 20,30, зарим нэг өдөр бүр 50, 60-аар илэрч буй. Харин Улаанбаатараас Говь-Алтай аймаг руу сүүлийн нэг, хоёр сард 947 хүн очсон гэсэн. Ахиад ч 147 хүн тус аймагт очих хүсэлтээ илэрхийлсэн. Гэтэл та нэмж, өвчний голомтоос 128 бөх, засуул, тайлбарлагч, эмч мэргэжилтэн гээд 30, 40 хүн авчрах талаар ярьж, мэдэгдэл гэхэд хэцүү гомдол гаргалаа. Уг нь ЭМЯ-наас “Олны бөөгнөрөл гэдэг таваас дээш хүн байхыг хэлнэ. Олноороо бөөгнөрөх нь коронавирусийн халдварыг нэмэх эрсдэлтэй” хэмээн сэрэмжлүүлсээр байгаа. Яг үнэндээ ойрхны нэг жил ЗДТГ-ын газарт нь архидалт болж, хүний алтан амь эрсдэхэд тухайн аймгийн удирдлага мэдэгдэл хийж, уучлал гуйх нь битгий хэл, ганц үг ган хийлгүй, хэргийг хав дарахаар оролдсон удаатай. Мөн Засаг дарга О.Амгаланбаатар “УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд Говь-Алтай аймагт бөхийн барилдаан зохион байгуулахыг дэмжихгүй гэжээ. Тэр хүн хөндлөнгийн биш өөрийнхөө асуудалд анхаарал тавиасай. УИХ-ын сонгуульд Говь-Алтай аймгаас өрсөлдөхдөө манай сумдыг хатуу хучилттай замаар холбоно гэсэн. Улсын төсөвт Говь-Алтайн сумдын замыг хатуу хучилтай болгох мөнгө суулгаагүй. Тиймээс та 17 сумын замаа зас. Санхүүжилт ол, олон улсаас хандив тусламж гуй” хэмээн бөх ярихынхаа хажуугаар улстөржив. Танд ч бас зөвлөмөөр байна. Говь-Алтай аймгийн ЗДТГ спортоор яривал Биеийн тамир спортын, өв соёлоор нь авч үзвэл Боловсрол, соёл урлагийн газартай. Эл хоёр газар, хэлтсийн дарга нараас аль нь ч дээрх мэдэгдлийг хийчих боломжтой. Харин Засаг дарга та нэр хүнд нь үнэгүйдсэн бөхчүүд, бөхийн соёлын тухай ярьж суухынхаа оронд орон нутгаа хөгжүүлэх, ирэх гурван жилд юу хийхээ мэдээлэх нь зүйд нийцэх болов уу. Тэгээд ч та мэдэгдэлдээ, үндэсний бөхийг хөгжүүлэх гэхээсээ илүүтэй, улс төрийн явцуу эрх ашиг, арьсаа өмгөөлж хамгаалсан зүйл л ярьсан. Ер нь сүүлийн хоёр жилд Говь-Алтайн Засаг дарга хэдэнтээ солигдсон. Аль нам, хэн гэдэг улстөрч очсон ч аймаг хөгжсөн түүх үгүй. Аймаг тань хөгжлөөрөө сүүл мушгиж, сум, орон нутагт өвөлжилт хүндэрчихээд байхад улстөржих нь увиагүй хэрэг. Говь-Алтай аймаг хөгжихгүй, иргэд нь хөгжлөөс гээгдэж, алсарсаар байгаагийн гол шалтгаан энэ мэт юухнаар ч улс төр хийчихдэг удирдлагаас болдог ч байж мэднэ. Муу удирдлага ард иргэдийнхээ хөгжих замд чөдөр, тушаа болдгийн тод жишээ энэ гэлтэй.