“Эрдэнэс Монгол” компани цэвэр ашгаасаа 100 сая ширхэг хувьцаанд хоёр тэрбум 37 сая төгрөгийн ногдол ашгийг хуваарилуулахаар Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газарт шилжүүлснээ мэдээлэв.
Тус компанийг 2007 оны хоёрдугаар сард байгуулснаас хойш анх удаа ногдол ашиг хуваарилж буй нь энэ. Хайгуулын болон ашиглалтын 13 тусгай зөвшөөрөл эзэмшиж, 13 охин компани, хоёр төслийн нэгжтэй үйл ажиллагаа явуулдаг “Эрдэнэс Монгол” 2019 онд 11.9 их наяд төгрөгийн хөрөнгө эзэмшин, 265 тэрбумын орлого олж, улсын төсөвт 48.3 тэрбумын татвар, хураамж төвлөрүүлжээ. Зээлтэй ахмадуудад өмнөх онд санхүүгийн дэмжлэг үзүүлж “Эрдэнэс Монгол”-ын охин компани “Эрдэнэс силвер ресурс”-ийн эзэмшдэг Салхитын мөнгөний ордын олох ашгаас Иргэдийн тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх хууль хэрэгжүүлснийг мөн дурдлаа. Тэгвэл энэ онд “Эрдэнэс бонд” гарган, ирэх тавдугаар сард зээлгүй байсан өндөр настнуудад нэг сая төгрөгийн үнэт цаас олгохоор ажиллаж байгаа гэв.
Бэлтгэсэн: Ц.Ундрал