Өвдөж зовсон иргэн Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлэгт ханджээ. Харамсалтай нь, тус эмнэлгийнхэн биеийн байдал нь хүндэрсэн тухайн иргэнээс коронавирусийн шинжилгээ авч, “Хоёр хоногийн дараа хариугаа аваарай” хэмээн тусламж үзүүлэлгүй буцаасан байна. Хөөрхий өвчтөн шинжилгээний хариугаа мэдэж ч амжаагүй хорвоогийн мөнх бусыг үзжээ. Улсын эмнэлгүүдийн бодит дүр төрх нэг иймэрхүү. Энэ наад захын нэг л жишээ. Алтан амь нь дээсэн дөрөөн дээр дэнчигнэж, яах учраа олохгүй, хаана хандахаа мэдэхгүй өвчиндөө шаналж буй иргэн энэ мэтээр үхэж мэдэх нөхцөл байдалд байна.
Тодорхой хэлбэл, улсын болон хувийн эмнэлгүүд “Коронавирусийн шинжилгээ өгөөгүй иргэнд үйлчлэхгүй” гэж цензур тавьснаас дээрх иргэн тусламж авч чадахгүй амиа алдсан. Нэг талдаа цензур тогтоосон нь эрсдэлээс хамгаалж байгаа боловч, нөгөө талдаа хүний амьд явах эрхийг зөрчиж буй хэрэг. Учир нь Монгол Улсын иргэн бүр эрүүл мэндээ хамгаалуулах, эмнэлгийн тусламж, үйлчилгээ авах эрхтэй хэмээн Үндсэн хуульд заасан байдаг. Гэвч коронавирус тархсан эл өдрүүдэд эмнэлгүүд “шинжилгээ өгсөн иргэнд үйлчилнэ” гэх нэрийн дор иргэдийн амьд явах эрхийг зөрчиж цензур тогтоож байгаа нь зөв алхам мөн үү.
Иргэд үүний эсрэг байна. Өвчиндөө шаналж, үхэх сэхэхийн даваан дээр тарчилж байхад “Шинжилгээ өгөөгүй байна”, “Шинжилгээний хариу гараад 72 цагийн хугацаа нь дуусжээ”, “Дахин шинжилгээ өгөх хэрэгтэй” гэх мэт шалтгаанаар эмнэлгийн эмчилгээ үйлчилгээ үзүүлэлгүй гэдрэг буцааж байгаа дүр зураг эдгээр өдрүүдэд элбэг тохиолдов.
Ер нь “Ковид-19”-ийг дотооддоо алдсанаас хойш олон иргэн шинжилгээ өгөөгүй гэх шалтгаанаас болж алтан амиа алдсан эмгэнэлтэй хэрэг өнгөрсөн хугацаанд цөөнгүй гарсан юм. Тухайлбал, 2020 оны арванхоёрдугаар сарын 7-ны орой 22-ийн товчоонд Архангай аймгаас ирсэн иргэн шинжилгээ өгөөгүй гэх шалтгаанаар хот руу нэвтэрч, эмнэлгийн тусламж авч чадалгүй нас барсан. Дээд албан тушаалтнууд уучлалт гуйсан болоод энэ асуудал намжсан. Иргэд ч эхнээсээ мартагнаж байх шиг. Хүний амь үрэгдсэн хэдий ч дахин ийм нөхцөл байдал үүсвэл хэрхэн шийдэх гаргалгаагаа төр засаг олон нийтэд танилцуулсангүй. Өөрөөр хэлбэл, хүний амь нас дээрх шалтгааны улмаас үрэгдсээр байж мэдэх нь.
Цар тахлын үед эмнэлгүүд өвчтөнд түргэн шуурхай үйлчлэх бэлтгэлгүй байгаагийн гор ийн илэрч байгааг иргэд шүүмжлэв. Эндээс өнгөрсөн нэг жилийн хугацаанд хэрхэн тооцоолж, яг ямар бэлтгэл ажил хийсэн гэх асуулт урган гарч ирж байгаа юм. Наадаж салбарынхан яам улсын хэдэн эмнэлэгтээ коронавирусийн шинжилгээ өгөх тоног төхөөрөмж бэлдэж өгсөнгүй. Шанд нь иргэд коронавирусийн шинжилгээний хариугаа хүлээсээр тусламж авч чадалгүй үхэж байна. Энэ байдал олон нийтэд айдас төрүүлж байна. Хамгийн ойрын хүнээ алдаад эмгэнэн гашуудаж буй иргэд туйлдаж, бухимдахад хүрэв. Амь нас нь цаг, минутаар хэмжигдэж буйг эмнэлгийн байгууллагууд тоохгүй байгаа нь гайхширал төрүүлж буй. Хатуухан хэлэхэд “Бэлтгэл ажил хийж байна, коронавирус халдварт өвчний талаарх хариу арга хэмжээ авах нөөц боломж хангалттай” гэж хий хоосон хөөсөрсөн зүйл ярьдгаа одоо болчих хэрэгтэй. Бэлтгэлээ сайтар базаасан бол яагаад иргэд эмнэлэгт ирсэн хэрнээ “Шинжилгээ өгөөгүй, шинжилгээний хариу гараагүй” гэх өчүүхэн шалтгаанаар үйлчилгээ авч чадахгүй байгаа юм бэ. Уг нь улсын эмнэлгүүд нь коронавирусийн шинжилгээг түргэвчилсэн байдлаар авч, шаардлагатай иргэдэд нь шуурхай тусламж үзүүлэх хамгийн зөв алхам баймаар.
Цар тахал дэгдсэн эл өдрүүдэд олон нийт эрүүл мэндийн салбарынхан иргэддээ хэрхэн үйлчилдэг, тангараг өнгөрсөн эмч нь хэр хариуцлагатай вэ гэдэгт хариулт олж, дүгнэлт хийсэн байх. Товчхондоо, эрүүл мэндийн салбарын бүтэц зохион байгуулалт, үйлчилгээнд өөрчлөлт, шинэчлэлт хийх цаг хэдийн болжээ. Иймд шинээр байгуулсан Засгийн газар эрүүл мэндийн салбарт үүсээд буй эл эмх замбараагүй, хоорондын уялдаа холбоогүй эдгээр асуудалд хяналт тавьж, цэг тавихад анхаарна биз ээ. Эрүүл мэндийн салбарт хөрсөн дээрээ буусан зөв шийдэл, зөв шийдвэр л хамгийн их үгүйлэгдэж байна.