Гадаадынхны нүдэнд монголчууд цар тахалтай хэр чадлаараа тэмцэж буй мэт харагддаг нь лавтай. Үнэндээ ч хөөрхий хэдэн дарга нар маань нойр хоолгүй, өдөр шөнөгүй, ар гэрээ умартан, цар тахалтай тэмцэж ирлээ. Гэвч бусад улсын төр засгийнхны хийсэнтэй харьцуулахад манайхны төлөвлөж хэрэгжүүлсэн ажил илүү гарч товойхгүй, эн зэрэгцэж үнэлэгдэхгүй байгаа нь хөөрхийлэлтэй. Ерөнхийдөө манай төр, засаг урд хөршид цар тахал газар авч, бусад оронд “Ковид-19” халдварлаад ирэхтэй зэрэгцээд хилээ шуурхайлан хаасан. Тодорхой хэлбэл, өнгөрсөн оны гуравдугаар сараас эхлээд улсын хилээ хааж, агаарын бүх нислэгээ цуцалж, галт тэрэг, унаа машинтай хэнийг ч болов хилээр оруулахгүй гэж хатуурхсан. Тэр ч бүү хэл, хот, хөдөөгийнхний хооронд зааг үүсгэсэн. Хөдөөгөөс ирсэн хүнд өвчтэй хүн хот руу нэвтэрч чадахгүй тээврийн товчооны гадна амь тавьж, хөхнөөсөө гараагүй шахам бяцхан охин ээжээ санаж бэтгэрсээр эмнэлгийн орон дээр нүд анисан. Эх орондоо байгаа хэрнээ ковидтой иргэд төр засагтаа ингэж л адлагдсан даа. Тэгэхээр хилийн гадна үлдсэн монголчуудад “ковид-19”-ийн нөлөө төр, засгийн хатуу бодлоготой хавсараад хэрхэн тусаж буй нь бүр ойлгомжтой. Гэтэл төрийн дээр гарсан нөхдүүд хэзээ дуртай цагтаа тусгай үүргийн онгоцоор ирж, очиж буй. Бүр тодруулбал, улстөрч Л.Болд, А.Ундраа нараас авхуулаад Ө.Энхтүвшин сайдын хүү хүнд хэцүү байгаа иргэдээ гадаадад үлдээгээд өөрсдөө тусгай үүргийн онгоцоор эх одондоо ирж, тухалсан цаг саяхан. Хамгийн сүүлд УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд БНСУ-аас тусгай үүргийн онгоцоор эх орондоо ирэв. Эсэргүүцлээ илэрхийлсэн иргэдэд хариу болгож, тэрбээр эхнэрээ эмчлүүлсэн юм, захиалгын суудалд суугаагүй каргоны хэсэгт туулайчилж ирсэн ухааны юм ярьж, бараг уурссаныг санаж байна уу. Яг үнэндээ Ш.Раднаасэд гишүүн туулайчлаагүй юм билээ л дээ. Бид ч ээжтэй, аавтай, үртэй ханьтай. Тэдний маань нэг өвдчихөөд байна. Эрхэм гишүүн та туулайчилж болж байгаа бол бид бас энэ боломжийг адилхан ашиглахыг хүснэ. Шударга ёсны илэрхийлэл болгож, хүн болгонд эрх тэгш боломж олгоно гэж итгэсэндээ иргэд бид дээр нэр нь дурдагдсан хүмүүсийг төрийн сэнтийд залсан. Түүнээс биш бидний толгой дээгүүр гишгэлж, ард түмнээс илүү эрх эдлээрэй гэж сонгоогүй. Эрхэм гишүүд та бүхний энэ үйлдэл “би үхэхээр чи үх” хэмээн ард түмнээсээ нүүр буруулж байгаагаас өөрцгүй санагдаж, өр өвдөж байна. АНУ-д ажиллаж амьдарч буй нийтлэлч М.Саруул-Эрдэнэ хэд хоногийн өмнө “Хоёр зүйлийг ойлгохгүй юм. Нэг, саяхан нэг сайхан залуу эрдэмтэн өөд болов. Гадаадад мэс засал хийлгэх ёстой ч хөл хорионоос болоод гарч чадалгүй байсаар өнгөрчээ. Ерөөсөө коронагаар л явахгүй бол өөр ямар ч өвчнөөр, ямар ч байдалд, хаа ч өнгөрсөн огт хамаагүй юү. Хоёр, ноднин гуравдугаар сараас хойш Монгол хил гаалиа хаачихсан улс. Манайх шиг ийм хатуу хорио тавьсан улс гэж дэлхийд байхгүй. Гэтэл 128 бөх барилдана гэж юу ярина вэ. Ноднин бас тэгж их хатуу хорьсон үедээ наадамласан. Ямар тохиолдолд хэт хатуурхаад, ямар үед харж үзээд байгаа хэрэг вэ” хэмээн нүүр номоороо дамжуулан харамсал, бухимдлаа илэрхийлсэн. Эмгэнэлтэй энэ мэт үйл явдал дахиад ч давтагдаж мэдэх нь.
...Ясны хорт хавдартай 16 настай С.Ханатбек хүү яаралтай хагалгаанд орохоор тусгай үүргийн онгоцоор өнгөрсөн бямба гарагт Монголоос явжээ. Турк улсыг зорихын өмнө ХӨСҮТ-д 150 мянган төгрөгөөр “Ковид-19”-ийн шинжилгээ өгч, тодорхойлолт авсан гэдэг. Гэвч ХӨСҮТ-ийн эмч, ажилтан шинжилгээний хариуг "negative", "positive" хэмээх олон улсад тогтсон нэршлээр бус, "Not detected" гэж тэмдэглээд зогсохгүй тухайн хүүхдийн нэр, төрсөн он, сар, нэрийг алдаатай бичсэн байна. Эмч мэргэжилтнүүдийн дээрх хариуцлагагүй үйлдлээс үүдэн хүнд өвчтэй хүү транзит нислэгээс хасагдаж, хилийн гадна гацаж, хоног хугацаа алдан газар хатуу, тэнгэр хол гэгчээр хүндхэн байдалд орлоо. Нөхцөл байдал ингэж хүндэрсэн атал хүүгийн төлөөнөө Засгийн газар санаа тавьсан зүйл одоогоор алга.
АНУ-ын иргэн ковид “хусчихжээ”. Тэрбээр би азтай хүн гэж буй аятай, эсвэл төр намайг эмчлэх тэтгэх үүрэгтэй, тэгэх гэж надаас татвар авдаг биз дээ гэсэн шиг, бараг л баяр ёслолын байдалтай маадайж алхана. Тэглээ гээд тэрний ойр хавийнхныг нь эмнэлгийнхэн хорьж цагдсангүй, зохих шинжилгээ авч хариу сөрөг бол гэр лүү нь буцаав. Тэр бас хувийн бизнестэй. Тийм хэдий ч төр нь түүний бизнесийг хориглосонгүй. Ариутгал халдваргүйжүүлэлт хийж, үйл ажиллагааг нь буцааж нээв. Бүр “Та ковидтой учраас бизнесийнхээ үйл ажиллагаанд хэсэгтээ оролцож чадахгүй. Өвчнөө даван туултлаа энэ мөнгийг хэрэглээрэй” хэмээгээд тэтгэмж өгсөн гэсэн. Нөхцөл байдал ийм байхад мань америк “Би ковидтой хөөн” гэж маадайхгүй гээд ч яах билээ. БНСУ-д мөн ковидын үед иргэддээ бэлэн мөнгө тарааж буй. Тодорхой хэлбэл, цар тахлын улмаас хөл хорионд орсон иргэддээ тус улсын Засгийн газраас сар бүр нэг сая, гадаадынханд 450 мянган вонын туслалцаа үзүүлсэн. Япончууд бас өрхийн бизнес нь зогсож амьжиргаа нь хүндэрсэн өрхүүддээ 300 мянга, хүүхэд бүрт 10 мянган иен олгоод эхэлсэн. Урд хөрш хөдөө аж ахуйн салбар, үндэсний үйлдвэрлэлдээ гол хөрөнгө оруулалтаа хийсэн. Үр дүнд нь хоёр тэмбум орчим хүн ам нь хүнсээр дутлаа өлслөө, зовлоо гэж ганц үг унагахгүй цар тахлыг даван туулж байна. Ерөнхийдөө дэлхийн ихэнх улс орон хувийн хэвшлийн ажил олгогч, ажилтны татвар, нийгмийн даатгалын шимтгэлийг хөнгөвчлөх, ажил олгогчид санхүүгийн дэмжлэг үзүүлэх, алданги, торгуулиас чөлөөлөх бодлого хэрэгжүүлж эхэлсэн. Хамгийн гол нь иргэдэдээ бэлэн мөнгө тараах, татвараас чөлөөлөх, банкуудынхаа бодлогын хүүг бууруулах, бизнес эрхлэгчдэд урт хугацааны хөнгөлөлттэй зээл олгох, ажлын байраа хадгалж үлдсэн компаниудыг дэмжих зэрэг арга хэмжээг авсаар. Харин Монгол Улсын Засгийн газар дорвитой яг ямар бодлого хэрэгжүүлж ирэв. Ковидтой иргэнээ хэрхэн харж үзэв.
Эцэст нь шинэ Засгийн газрын тэргүүн Л.Оюун-Эрдэнэ, Шадар сайдаар ажиллахаар тамгаа гардсан С.Амарсайхан, Эрүүл мэндийн сайд С.Энхболдоос асууя. Монгол Улс цар тахлыг давах яг ямар бодлого хэрэгжүүлэх вэ. Нүдэнд харагдаж, үр дүн нь мэдрэгдтэл нэг сайхан халаач гишүүд, дарга нар аа. Ард түмэн чинь хүлээж байна. Бидний хэн маань ч бас “Би ковидтой хөөн” гэсэн шиг хэн нэгэнд адлуулалгүй маадайж алхах эрхтэй.