IPTV, интернэтийн үйлчилгээ үзүүлдэг “Юнивишн” компани мянга мянган хэрэглэгчдэдээ бэлэг барих “дуртай”. Зөв л хандлага гэж хардаг. Авахаасаа өгөх нь өлзийтэй учраас тэр. Хамгийн гол нь, бэлэг бодитой, хэрэглэгчид сэтгэл ханамжтай үлдэх учиртай. Тус компанийнхан “Танд бэлэг илгээлээ, нээж үзнэ үү” гэх агуулгатай мессежийг хэрэглэгчид рүү байнга илгээдэг. Харамсалтай нь, “бэлгийг” нь хүлээн авч, мессежээ нээхээр аль нэг багцийг заавал идэвхжүүлэх болдог нь гачлантай гэмээр. Бэлэг нэртэй боловсон албадлагыг нь хүлээн авч ок гэсэн хариу мессеж илгээгээд л өрөнд ордог хэмээн иргэд мэдээлж байна. Нэг танил маань үүнд бухимдаж фэйсбүүкийн нүүр номдоо пост оруулж “Юнивишн” бэлэг өгөх нэрийн дор хэрэглэгчийг шулж, шог зан гаргадаг тухай бичжээ. Өөрөөр хэлбэл, тус компанийнхан хэрэглэгчийн утас руу “Нэг сар үнэгүй хэрэглэх багц бэлэглэж байна” хэмээн мессеж илгээгээд, дараа нь хэрэглэгчээс зөвшөөрөл хүсэхгүйгээр тухайн багцаа автоматаар сунгаж, өр төлбөрт оруулдгийг шүүмжилсэн хэрэг. Гэтэл удаа ч үгүй танилын маань утас руу нэг найз нь залгаж “Юнивишнийг шүүмжилсэн постоо устгахыг нэлээд идэвхтэй гуйж, бүр ятгаж эхэлжээ. Ингээд хүсэх, загнахын завсар ахин дахин гуйж, таван минут тайван суулгахгүй шахам утас руу залгасан тул танил маань арга ядахдаа оруулсан постоо устгасан гэнэ лээ. Энэ нь угтаа “Юнивишн” хэрэглэгчийг хохироогоод зогсохгүй, дээрээс нь хүний үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх Үндсэн хуулиар олгогдсон эрхийг зөрчиж буй л хэлбэр. Оруулсан постыг нь устгуулахын оронд үйлчилгээгээ чанаржуулах амлалт өгч, хэр чадлаараа ярилцаж болоогүй гэж үү, “Юнивишн” компанийнхаан. Оны өмнөхөн иргэдийн тэвчээр барагдаж, тэсэрсэн гэхэд болно. Улмаар Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас тус газарт хяналт шалгалт хийж, тодорхой хугацаатай үүрэг өгсөн. Тодорхой хэлбэл, өнгөрсөн арванхоёрдугаар сарын 15-наас энэ оны нэгдүгээр сарын 15-ныг дуустал зөрчлөө арилгах албан шаардлага хүргүүлсэн талаар бид “Юнивишн”-ий хэрэглэгчийн гомдлын мөрөөр сурвалжилга хийхдээ өмнө нь мэдээлж байв.
ШӨХТГ-ын дарга Б.Бат-Эрдэнэ тухайн үед “Юнивишн” компанийн төлөөлөлд гомдол ирсэн талаар албан ёсоор мэдэгдэж, хэд хэдэн удаагийн уулзалт хийж, тухайн компанийнханд зөвлөн туслах үйлчилгээ үзүүлсэн. Дараа нь ярилцсаны эцэст тухайн гомдолд дурдсан асуудлуудыг арилгах хугацаатай үүрэг өгсөн. Дурдсан хугацаа өнгөрсөн ч хариу ирүүлээгүй” гэх хариулт өгсөн удаатай. Харамсалтай нь, тус компанийнхан төрийн байгууллагын албан даалгаврыг биелүүлэлгүй даам гарч, өнөөдрийг хүртэл хэрэглэгчдээ хохироосоор байгаа бололтой. Боль доо, “Юнивишн”. Бэлэг авах албатай ч биш, бид. Ачааллаа даахгүй бол, алдаагаа засахгүй бол мянга бэлэг илгээгээд ч хэрэглэгчийн хүсэлд сонирхолд нийцэхгүй, бүр хохироогоод байна. Эцэст нь “Юнивишн” компанийнханд хэрэглэгчдээс дайсан үгийг дамжуулъя. Хэрэглэгчид “Нэг талаас алдаагаа ойлгоод хэрэглэгчдийнхээ гомдлыг барагдуулах цаг чинь хэдийн болсон, нөгөө талаас төрийн байгууллага асуудлыг шалган буруутайг нь тогтоож, алдаагаа засах албан даалгавар өгсөн. Хэрэгжүүлэх хугацаа нь хэдийн өнгөрсөн атал дөргүй бух шиг гүрийсээр байгаад гомдолтой байна” хэмээснийг үүгээр уламжилъя.