Алдарт “Samsung” группийн харьяа "Samsung Life insurance" даатгалын компанийн ажилтан, Монгол Улсын иргэн Б.Ундармаатай БНСУ-ын даатгалын системийн талаар яриа өрнүүллээ.
-Сайн байна уу? Танд энэ өдрийн мэндийг хүргэе. Юуны түрүүнд та өөрийгөө танилцуулахгүй юу?
-Баярлалаа. Би БНСУ-д гэр бүлээрээ ажиллаж, амьдраад долоон жил болж байна. “Калбин” дээд сургуульд суралцаж, боловсролын магистрын зэрэг хамгаалсан. Улмаар олон улсын мөнгөн гуйвуулгын компани, эрүүл мэнд, эмчилгээний зуучлалын компанид ажиллаж байсан. Одоо “Samsung” группийн амь даатгалын компанид ажиллаж байна.
-“Ковид-19” цар тахлын улмаас дэлхийн ихэнх улс орны эдийн засаг тогтворгүй байна. Манай улсын хувьд ч олон мянган аж ахуй нэгжийн үйл ажиллагаа зогсонги болж, орлого нь хумигдаж хүндхэн байдалд оров. БНСУ-ын нөхцөл байдал ямар байна вэ, төр засаг нь аж ахуйн нэгжүүдээ дэмжих ямар бодлого хэрэгжүүлж байгаа талаар мэдээлэл өгөхгүй юу?
-БНСУ-д “Ковид-19”-ийн халдвараар өвчлөгчдийн тоо сүүлийн үед харьцангуй буурч байна. Солонгосын ард иргэд халдвар хамгааллын дэглэмээ сахиж, хүн хоорондын зайгаа барьж, "ковид-19"-ээс өөрсдийгөө сайн хамгаалж байна. Тус улсын Засгийн газраас аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг хязгаарлалттайгаар үргэлжлүүлэх боломжийг олгосон. Одоогоор иргэдийн ажил амьдрал хэвийн үргэлжилж байна. Ер нь БНСУ-д төрөөс үзүүлж буй халамжийн бодлого их сайн хөгжсөн тул цар тахлын улмаас хөл хорионд орсон иргэддээ Засгийн газар нь мөнгөн болон хүнсний тусламж олгосон. Өнгөрсөн онд засгийн газар тодорхой нөхцөл, шаардлагыг хангасан гадаадын иргэдэд дэмжлэг туслалцаа үзүүлсэн. Тэгвэл энэ удаад Гёнги аймагт амьдардаг гадаадын бүх иргэнд дэмжлэг үзүүлж байна. Мөн гадаадын иргэдийг ч "ковид-19"-ийн эсрэг вакцинд үнэ төлбөргүй хамруулна гэх сайхан мэдээ сонслоо.
-Даатгалын салбарын талаар түлхүү ярилцъя гэж бодлоо. БНСУ-ын даатгалын систем манайхаас онцлог давуу тал байгаа юу?
-БНСУ-д төрийн болоод хувийн гэсэн хоёр төрлийн даатгалын үйлчилгээ бий. Үүнээс хувийн даатгалын үр шим илүү өндөр байдаг. Төрийн даатгалд гадаадын иргэд заавал хамрагдах ёстой бөгөөд үүгээрээ улсын үйлчилгээнүүдээс нөхөн олговор авдаг. Харин нэмэлт хамгаалалт сонирхсон хүмүүс хувийн даатгалд хамрагдах боломжтой. Энэхүү сайн дурын даатгалд хамрагдсанаар улсын даатгалаас илүү олон үйлчилгээ авч болно. Үүнд, амь нас, хуримтлал, тэтгэвэр болон эрүүл мэнд, шүдний үнэтэй эмчилгээ ордгоороо давуу талтай. Тиймээс Солонгосын ард иргэд хувийн даатгалыг илүүд үздэг юм. БНСУ-д суралцаж буй монгол оюутан, гэрээгээр хөдөлмөр эрхэлж байгаа болон бусад төрлийн визтэй хүмүүс манай даатгалд хамрагдах боломжтой. Манай амь даатгалын хувьд хүний амьдралын хамгийн чухал зүйлс болох амь нас, тэтгэвэр, эрүүл мэндийн хүнд хөнгөн өвчлөл, тэтгэвэр, өв залгамжлалыг нэг дор даатгаад зогсохгүй, байгалийн давагдашгүй хүчин зүйлээс үүссэн хохирол болон бусад хохирлыг барагдуулдаг. Нөхөн олговор нь 100 сая болон түүнээс дээш воныг олгодог. Энэ нь амь даатгал төрөлдөө номер нэгт тооцогддог гэдгийг хэлэх нь зүйтэй болов уу.
-Тухайлан нэг даатгалыг сонгож мэдээлэл өгөхгүй юу?
-Амьдралын даатгалын шимтгэл нь даатгуулагчийн наснаас хамаарч харилцан адилгүй байдаг. Тиймээс солонгосчуудын олонх нь улсын даатгалд найдалгүйгээр хувийн даатгалын үйлчилгээг сонгодог. Монголчууд ч мөн адил ийм давуу тал олонтой даатгалд хамрагдаад, бүх төрлийн эрсдэлээс гэр бүлээрээ сэргийлэх боломжтой. Ингэснээр даатгуулагчийн амьдрал, эрүүл мэнд улам баталгаажихаас гадна тэтгэвэр, тэтгэмж авна гэсэн үг. Жишээ нь, би хорт хавдрын даатгалд хамрагдлаа гэж бодоход хорт хавдар туссан үедээ гэрээнд заасныхаа дагуу шууд эмчилгээний болоод асаргааны, амьжиргааны зардлуудаа гаргуулж авна. Хэрэв даатгуулагч амь насаа алдсан бол ар гэрийнхэнд нь 100-200 сая вонын дэмжлэг шууд олгодог. Мөн даатгалаа тэтгэврийн системтэйгээ хослуулдаг нь үр өгөөжтэй. Тэтгэврийн систем нь дотроо олон сонголттой. Тухайлбал, насан туршдаа хуримтлуулсан мөнгөө нэг дор авах, эсвэл хэдэн жилийн хугацаатайгаар тодорхой хувийг нь авах, гэр бүлдээ тэтгэврийн хуримтлалыг өгч, хүүг авч хэрэглэх гэх мэт олон сонголттой.
-Солонгост хараар амьдарч байгаа гадаадын иргэн олон бий. Хууль эрх зүйн талаасаа тэдгээр хууль бусаар амьдарч байгаа иргэд хувийн даатгалын үйлчилгээнд хамрагдах боломжтой юу?
-Мэдээж визтэй болон хараар амьдарч байгаа хүмүүсийн хооронд ялгаа бий. Миний ажилладаг “Samsung Life insurance” компанийн хувьд цэнхэр үнэмлэхтэй эсвэл олон жилээр оршин суух бичиг баримттай хүнд үйлчилдэг. Харин манай компанийн охин компани болох “Самсунг Хуажэ” визгүй хүмүүсийг даатгадаг. Үүнээс гадна Солонгост хууль бусаар амьдарч байсан ч тодорхой хязгаартай даатгуулах боломжтой даатгалын үйлчилгээ байдаг учраас эрүүл мэнддээ анхаарч даатгуулах нь чухал. Мөн даатгалгүй хүмүүс Солонгосын Улаан загалмай нийгэмлэгт хандах эсвэл эмчилгээ хийлгэж байгаа эмнэлгийн нийгмийн халамж үйлчилгээний хэлтэст хандаж тусламж авах боломжтой. Солонгос улсын даатгалын систем сайнаас гадна эмнэлгийн үйлчилгээ өндөр хөгжсөн улс учраас дотоодын төдийгүй гадаадын иргэд эмнэлгийн үйлчилгээг сайн авдаг. Тэр хэрээр даатгал их чухал.
-Монголын бараг нэг аймгийн хүн амтай дүйцэхүйц иргэд БНСУ-д ажиллаж, амьдардаг. Тэдгээр монголчууд маань тус улсад эрсдэлгүй, санхүүгийн хувьд дэмжлэгтэй амьдрах боломж нөхцөл бүрдсэн гэсэн үг үү?
-Ер нь бол монголчууд даатгалын талаар хангалттай ойлголттой биш. Жирийн солонгос хүн 4-12 төрлийн даатгалд хамрагддаг. Тэр хэрээрээ тэд ирээдүйдээ санах зовох зүйлгүй, өвдсөн ч айх аюулгүй гэсэн үг. Гол асуудал нь даатгал гэхээр л их төлбөртэй юм шиг ярьдаг. Үнэндээ эрүүл мэндийн цогц даатгалд сард 20-50 мянган вон төлөөд л хамрагдаж болно шүү дээ. Магадгүй энэ нь Солонгост бага мөнгө байх. Үүгээр өөрийгөө даатгуулснаар ирээдүйд гарч болох бүх эрсдэл, гэнэтийн осол бэртэл, хагалгаа, эмнэлгийн ор хоног гэх мэт өндөр өртөгтэй бүх үйлчилгээ авах боломжтой. Тиймээс хүмүүс даатгал сайн мэдэхгүйгээсээ болоод хүндрэл бэрхшээл тохиолдоход “хорт хавдартай боллоо, хагалгаанд орох шаардлагатай байна, автын осолд орчихлоо” гээд дандаа цагийн тулгаж даатгалд хамрагдах гэдэг. Мэдээж тэдгээр хүмүүс шууд даатгалд хамрагдах боломжгүй. Даатгалын үр шимийг хүртэхийн тулд дор хаяж хоёроос таван жилийн хугацаа шаардагдана.
Анхнаасаа 20-30 мянган воноор даатгуулсан бол эрсдэлд орсон хойноо байр сав, машинаа зарах, хандив цуглуулж цаг алдах шаардлагагүй шүү дээ. Хатуухан хэлэхэд ихэнх хүн ууж идэхдээ 20, 30, 100 мянган воныг зарцуулдаг хэрнээ эрүүл мэндээ хайхардаггүй, мөнгө зардаггүй. Хүний нутагт өчнөөн ажил хийж, өчнөөн саяар нь мөнгө олчхоод Монголдоо очихдоо баахан өвчний эх үүсвэр болоод олсон мөнгөө эргүүлээд эрүүл мэнддээ зарцуулах болдог нь харамсмаар.
-Манай улсад энэ салбар хөгжлийнхөө ямар түвшинд яваа гэж та харж байна вэ?
-Би сүүлийн долоон жилд эх орондоо амьдраагүй болохоор тодорхой хэлж мэдэхгүй юм. Гэхдээ сайн хөгжиж байгаа гэж бодож байна.
Миний анзаарснаар Монголд үйл ажиллагаа явуулж буй даатгалын компаниуд мэдээ мэдээллийн хувьд хүртээмж муутай, системийн хувьд ч, нөхөн олговрын хэмжээний хувьд ч жаахан дутагдалтай юм билээ. Өөрөөр хэлбэл, нэлээд мөнгө хөрөнгөтэй, хувийн компанитай, эсвэл хувийн бизнестэй хүмүүс рүү чиглэж ажилладаг юм шиг санагдсан.
Солонгосын даатгалын компаниудын үйл ажиллагаа энгийн ард түмэнд хүртээмжтэй байдаг. Мөн харилцагч, компани хоёрын гэрээнд тусгасан бүх нөхцөл мэдээлэл нээлттэй. Жишээ нь, хорт хавдрын даатгалд хамрагдаад нэг жил дотор өвдсөн тохиолдолд 50 хувь, жилийн дараа 100 хувь авахаас гадна химийн эм тариа, байнгын эмчилгээ, асаргаа, амьжиргаа, эмчилгээний төлбөрийг авах болон амь насаа алдсан тохиолдолд хүүхдүүдэд нь амь насны хэдэн сая вон олгодог гэх мэт бүх мэдээлэл нь тодорхой. Монголын хувьд энэ мэт даатгуулагчдад хандсан хэрэгцээ шаардлагад нийцсэн нөхцөлтэй болбол зүгээр гэж бодож байна.
-Манай улсад иргэдийн байр байшин шатахад галын эх үүсвэр нь заавал тодорхой байх ёстой. Авто осолд өртөхөд замд түгжрэл үүсгээд хөдөлгөөнгүй зогсох шаардлагатай. Хэрэв автомашинаа жаахан л хөдөлгөчих юм бол даатгалын компани нь ослын шалтгаан тодорхойгүй хэмээгээд нөхөн олговор олгохоос татгалздаг. БНСУ-ын хувьд энэ асуудлыг хэрхэн зохицуулдаг вэ?
-Солонгост энэ асуудлыг зохицуулах нөхцөл, дэд бүтэц маш сайн бүрдсэн. Тухайлбал, гудамжны камерын болон автомашины хар хайрцаг хянах, мэргэжлийн хүмүүс газар дээрээс нь хурдан шуурхай шийддэг. Энэ нь эргүүлээд даатгалын нөхөн олговор зэргийг асуудалгүй шийдэхэд дөхөм болдог. Даатгалын газраас бүх асуудлын шийдээд өгдөг гэж ойлгож болно.
Нэмж хэлэхэд, өнөөдөр хүний эрүүл мэнд, өвчинтэй холбоотой асуудал нэг хүний биш, нийгмийн хурц асуудал болоод байгааг бид мэддэг. Хэнд юу тохиолдож болохыг, ямар эрсдэл үүсэхийг урьдчилан мэдэх боломжгүй ч бид үүнээс урьдчилан сэргийлж чадна. Та бүхэн даатгуулснаар сэтгэл зүйн болон цаг хугацааны, эрүүл мэнд, амь нас, хөрөнгө мөнгө гэх мэт олон эрсдэлээс санаа зовох зүйлгүй байх боломжтой. Бүгдээрээ даатгалтай байж хамтдаа гэр бүлээрээ эрсдэлгүй, сайхан амьдарцгаая гэж уриалж байна.
-Ярилцсанд баярлалаа.