Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимд өнөөдөр (2021.01.22) УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаяр, Б.Нямдаваа, Б.Шижиржаргал, Н.Баттөгс, Н.Ууганбаяр, Д.Батмөнх, М.Нямдэмбэрэл нарт холбогдох хэргийг хянан хэлэлцлээ. Улсын дээд шүүхээс шүүх хурлын эхлэл, төгсгөлд сэтгүүлчдийг оролцуулж буй. Энэ удаа өмгөөлөгч, прокурор, оролцогчдын зүгээс ямар нэг гомдол санал гаргасангүй, хурал үргэлжиллээ. Улмаар 16.55 цагийн орчимд шүүх хурал завсарлаад шүүгчид зөвлөлдөж эхэлсэн. Ингээд 22.30 цагт шүүх бүрэлдэхүүн тогтоолоо танилцууллаа. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2020 оны долдугаар сарын 7-ны өдөр УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаяр нарт холбогдох хэргийг хэлэлцсэн. Улмаар Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд, Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийн даргаар ажиллаж байхдаа эрх мэдлээ урвуулж, 2017 оны гуравдугаар сард тогтоол гарган, орон нутаг, нийслэлийн онцлог, хэрэгцээнд нийцүүлсэн зорилтот нэгж төслийн төсөвт өртгийг 200 сая төгрөгт багтаан, нээлттэй зарлах удирдамж баталсан хэмээн Н.Номтойбаярыг буруутгасан. Улмаар Хөдөлмөр, халамж үйлчилгээний ерөнхий газрын дарга Б.Нямдаваа, дэд дарга Б.Шижиржаргал, мэргэжилтэн Н.Баттөгс зэрэг хүмүүс Н.Номтойбаярын заавраар, төсөл сонгон шалгаруулах ажлын хэсгийн хурал нэг ч удаа болоогүй байхад хуралдсан мэтээр баримт бүрдүүлэн түүнд багтсан гишүүдээр гарын үсэг зуруулж, найман иргэн, 21 аж ахуйн нэгжид 3.9 тэрбум төгрөгийн санхүүжилт олгосон хэрэгт холбогдсон. Шүүхээс Н.Номтойбаярыг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, худал мэдүүлэг өгсөн гэх үндэслэлээр буруутгаж, 5.5 жилийн хорих ял оноосон. Б.Нямдаваад нийтийн албанд томилогдох эрхийг таван жилээр хасаж гурав, Б.Шижиржаргалд нийтийн албанд томилогдох эрхийг таван жилээр хасаж дөрөв жилийн ял оноосон. Мөн Н.Баттөгст нийтийн албанд томилогдох эрхийг таван жил хүртэлх хугацаагаар хасаж, 10 сая төгрөгөөр торгож, ялыг гурван жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэсэн. Д.Батмөнх, Н.Ууганбаяр, М.Нямдэмбэрэл нарт нийтийн албанд томилогдох эрхийг таван жил хүртэлх хугацаагаар хасаж, 15 сая төгрөгөөр торгож, мөн ялыг гурван жилийн хугацаанд хэсэгчлэн төлөх шийдвэр гаргаж байсан. Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хуралдаан есдүгээр сарын 8-нд болж, М.Нямдэмбэрэл, Д.Батмөнх, Н.Ууганбаяр нарт оноосон 15 сая төгрөгөөр торгох ялыг 10 сая болгон хөнгөрүүлж, бусад хүний ялыг хэвээр баталсан. Улсын дээд шүүх хэргийг хянан хэлэлцээд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж шийдвэрлэлээ. Тодорхой хэлбэл, Н.Номтойбаяр, Н.Ууганбаяр, Д.Батмөнх, М.Нямдэмбэрэл нарыг үүрэгт ажилдаа хайнга хандсан, ажилтнууддаа хяналт тавиагүй гэж үзлээ. Харин Б.Нямдаваа, Б.Шижиржаргал, Д.Баттөгс нарыг гэм буруутай гэж үзэв. Ингээд Н.Номтойбаярт нэг жилийн ял оноож, төрд ажиллах эрхийг нь хоёр жилээр хасав. Мөн Н.Ууганбаяр, Д.Батмөнх, М.Нямдэмбэрэл нарын нийтийн албанд ажиллах эрхийг нэг жилээр хасаж, тус бүр таван сая төгрөгөөр торголоо. Шүүгдэгч Б.Нямдаваа, Б.Шижиржаргал нарын төрд ажиллах эрхийг гурван жилээр хязгаарлаж, тус бүр хоёр жил хорих ял оноолоо. Н.Баттөгсийн нийтийн албанд ажиллах эрхийг гурван жилээр хасаж, зургаан сая төгрөгөөр торгов.