МАН-ын бага хурал өглөө эрт эхэлж, дөнгөж сая өндөрлөлөө. Уг хурлаар намын гишүүд дараагийн Ерөнхий сайдаар ажиллах хүний нэрийг 100 хувийн саналаар сонгосон. Тодорхой хэлбэл, ЗГХЭГ-ын дарга асан Л.Оюун-Эрдэнийн нэрийг Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэхээр тогтов. Энэ тухай тогтоолоо Ерөнхийлөгчид өргөн барих гэнэ. Ерөнхийлөгч тав хоногийн дотор хариу хуулийн заалттай аж. Улмаар асуудлыг УИХ хэлэлцэж эцэслэн тогтох аж. Мөн Засгийн газрын шинэ танхимд хэн хэнийг багтаахаа ярилцсан гэнэ. Тухайлбал, Ж.Энхбаярт Шадар сайдаар ажиллуулах санал гаргасан байна. Ж.Энхбаяр Шадар сайд болох хүсэлгүй ч намынхаа гишүүдийн сонголтыг хүндэтгэнэ гэж мэдэгджээ. Мөн Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргад Д.Амарбаясгалан, МАН-ын генсект Я.Содбаатарын нэр яригдсан хэмээн эх сурвалж мэдээлэв. Мөн Засгийн газрын гишүүдийг бүрэн шинэчлэхгүй, зарим сайдыг хэвээр нь үлдээхээр тогтжээ. Өөрөөр хэлбэл 13 салбарын сайд нараас зургааг нь явуулж, бусад нь танхимдаа үлдэх бололтой. Ямартай ч Үндсэн хуульд зааснаар танхимаа бүрдүүлэх эрх нь шинээр томилогдох Ерөнхий сайдын бүрэнд мэдэлд бий. Ерөнхий сайдад нэрийг дэвшүүлсэн Л.Оюун-Эрдэнэ намын бага хурлаараа илтгэл тавьж, өмнөх Засгийн газрын тэргүүний үйл хэргийг үргэлжүүлэхээ мэдэгджээ.