“Нарны хүү, сарны охин” компанийн орон сууцад орохоор урьдчилсан захиалга хийж, мөнгөө өгч залилуулсан иргэд хуулийн байгууллагад хандсан. Цагдаа, прокурор хэргийг шалгаж, хянаад шүүхэд шилжүүлсэн билээ. Прокуророос Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд яллагдагч Д.Гүрсоронз, Д.Одгэрэл, Д.Батбаяр нарт холбогдох эрүүгийн хэргийг 2020 оны арванхоёрдугаар сарын 18-нд шилжүүлсэн. Үүний дагуу 2021 оны нэгдүгээр сарын 18-ны өдөр шүүх урьдчилсан хэлэлцүүлэг хийж, 456 хохирогчтой 58 хавтастай буюу 14 500 хуудас хэргийн материалтай шүүгч танилцаад, хэргийг нэмэлт ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаах нь зүйтэй гэж шийдвэрлэсэн юм. Хэргийг прокурорт буцаасныг зарим хохирогч эсэргүүцэж, яг одоо Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн гадна жагсаж буй. Тиймээс тус шүүхийн тамгын газраас тайлбар, мэдэгдэл гаргажээ. Мэдэгдэлд "Прокурор яллах дүгнэлтдээ нотлох баримтаар дурдсан шинжээчийн хоёр дүгнэлт хоорондоо зөрүүтэй, тодорхойгүй, ойлгомжгүй, хуульд нийцээгүй байжээ. Мөн хохирлыг тооцсон шинжээчийн дүгнэлт хоорондоо дөрвөн тэрбум төгрөгийн зөрүүтэй хууль бус дүгнэлт байсан. Хэргийг энэ хэвээр нь шүүх хүлээн авч шийдвэрлэвэл нийт хохирогчийн эрх ашиг бүрэн хангагдах боломжгүй нөхцөл байдал үүсэх эрсдэлтэй тул шинжээчийн дүгнэлтийг үнэн зөв хуульд нийцүүлэн гаргуулахаар прокурорт буцаах нь зүйтэй гэж шийдвэрлэсэн байна. Шинжээчийн дүгнэлтийг дахин гаргуулах нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, хохирлыг гэм буруутай этгээдүүдэд хуваан хариуцуулахыг тооцох зэрэгт чухал ач холбогдолтой. Дээр дурдсан байдлууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудад хамаарах ба мөн хуулийн 33.3 дугаар зүйлд заасан мөрдөн байцаалт явуулсан хэргийн талаар прокуророос хянавал зохих асуудлуудыг бүрэн гүйцэд хянаагүй гэж үзэх бөгөөд шүүх хууль ёсны, үндэслэл бүхий шийдвэр гаргахад чухал ач холбогдолтой, шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй ажиллагаанууд байна" гэжээ.