Өчигдөр /2020.12.14/ Засгийн газраас айл өрх, зарим аж ахуй нэгжийн цахилгаан, дулаан, ус, хогны төлбөрийг ирэх долдугаар сарын 1-нийг хүртэл тэглэхээр шийдвэрлэсэн. Үүнтэй зэрэгцэн эрчим хүчний хэрэглээ эрс нэмэгдэж, улмаар нийслэлийн хоёр ч дүүргийн гэр хороололд трансформатор буудаж зарим айл өрх тоггүй болов. Цахилгаан түгээх төвийн засварчид шөнөжингөө ажиллан хэвийн болгосон ч цаашид хэрэглээ хэтэрвэл дахин ийм явдал давтагдаж болзошгүйг мэргэжилтнүүд анхаарууллаа.
Тодруулбал, УБЦТС ТӨХК-ийн Хяналт, аюулгүй ажиллагааны хэлтсийн дарга А.Амаржаргал энэ талаар "Өчигдөр Сонгинохайрхан дүүрэгт хэд, хэдэн газарт гэмтэл гарсан. Станцын тоноглолтой холбоотой гэмтэл гараагүй. Харин станцаас гарах шугам нь ачааллаас болж гэмтсэн. Гэмтлийг бид судалж байна. Гарсан гэмтлийг цаг алдалгүй засч, хэвийн болгосон. Өнгөрсөн жилтэй харьцуулахад гэр хороололд цахилгааны ачаалал 18 хувиар нэмэгдсэн.
Хэрэглэгчид цахилгааны болон галын аюулгүй байдлыг маш сайн хангах хэрэгтэй. Ачааллыг бид цаг, өдрөөр нь хянаад явж байна. Цаашид эрсдэл гарахыг үгүйсгэхгүй. Тэгэхээр хэрэглэгчид цахилгааныг зөв хэрэглэх хэрэгтэй. Илүү хэрэглэх хэрэггүй. Энэ нь таны эд хөрөнгө, эрүүл мэндэд эрсдэл учруулж мэдэхээр байна шүү" хэмээн анхааруулав.
Цахилгааны замбараагүй хэрэглээтэй холбоотойгоор Эрчим хүчний яамнаас цахилгаан эрчим хүчний хэт ачаалал үүсэхээс сэргийлж, тодорхой зохицуулалт бүхий журмыг гаргахаар болсон бололтой. Журамд эрчим хүчний хэмнэлттэй холбоотой зохицуулалтыг тусгаж өгөх бөгөөд энэ талаар тус яамнаас удахгүй албан ёсоор танилцуулах аж.
Тиймээс иргэдийг цахилгааны хэрэглээгээ нэмэхгүй байхыг хүсэж, хэт их ачаалал өгвөл нийтээрээ ч тоггүй болж мэдэх эрсдэл байгаа тул ухамсартай хандахыг холбогдох байгууллагаас сануулсаар байна.
Манай улсад эрчим хүчний эх үүсвэрийн хүчин чадал хязгаарлагдмал байдаг тул үнэгүй юманд нугасгүй "өлөн" сэтгэлгээнээсээ салж, эх оронч байхыг нийслэлчүүддээ уриалж байна.