Монгол Улсын Засгийн газраас энэ сарын 1-нээс эхлэн ирэх оны долдугаар сарын 1-н хүртэл айл өрх, зарим аж ахуйн нэгжийн цахилгаан, ус, дулааны төлбөрийг тэглэх шийдвэр гаргасан. Үүнд шаардлагатай 650 тэрбум төгрөгийг Эрдэнэт үйлдвэрээс гаргахаар болж байгаа юм. Тэгвэл үүний адилаар нийгмийн хариуцлагын төсөл, арга хэмжээнд Оюу толгойн төслийг татан оролцуулах боломжтой талаар ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ ярилаа.
Тэрбээр "Оюу толгойг Монгол Улсад илүү үр өгөөжтэй байлгах талаар ажлын хэсэг хичээнгүйлэн ажиллаж байгаа.Цаашид Оюутолгойн ордын үр ашгийг ч монголчууд "Эрдэнэт" шиг хүртдэг байх ёстой. Хөрөнгө оруулагч талд Монгол Улс бууж өгч, найр тавьж, аргадаж ирсэн үе бий. Одоо цаашдаа тэгэхгүй. Оюутолгой ордын далд уурхайн гэрээ Монголд ашиггүй хийгдсэн гэдэг нь тодорхой болсон. Үүнийг засаж залруулахаар Засгийн газар хэд хэдэн чиглэлээр ажиллаж байна. Рио Тинто руу Оюутолгойн ордыг харилцан ашигтай ашиглах тухай тодорхой саналуудаа хүргүүлээд байна. Оюутолгойн Монголын талын ТУЗ-ийн гишүүдийг өөрчилсөн. Арбитрын шатанд ч асуудлууд бий.
- Дубайн гэрээг цуцлах,
- Таван толгойн цахилгаан станцыг барьж Оюутолгойн эрчим хүчний эх үүсвэрийг Монголоос хангадаг болох,
- Канадад төлж байгаатай адил түвшинд
- Монгол Улсад татвар төлдөг байх, Монгол Улсад төлөх ёстой 155 сая долларыг эхний ээлжинд төлүүлэх зэрэг асуудлаар Рио Тинтотой арбитрын маргаан үүсгээд Засгийн газар ажиллаж байна" гэлээ.