Коронавирус дэгдсэн цагаас эхлэн НҮБ болон ДЭМБ-аас улс орнуудад харилцаа холбоогоо сайн хөгжүүлж, мэдээллийн нэгдсэн урсгалтай байхыг зөвлөсөн. Өөрөөр хэлбэл, эрсдэлийн үеийн харилцаа холбоог сайжруулснаар халдварын тархалтыг богино хугацаанд хумихаас гадна иргэдэд нээлттэй, үнэн бодит мэдээлэл хүрснээр олон нийт цуурхал, айдас түгшүүрт автахгүй байх сайн талтай. Гэвч манай Засгийн газар олон улсын байгууллагуудын зөвлөмж, зааврыг зөрчиж, цар тахлын үед хэвлэлийн эрх чөлөөг боомилох замаар Үндсэн хуулиар олгосон мэдээлэл олж авах, хэвлэн нийтлэх, үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрхийг нь иргэдээс “булаахыг” оролдож байна.
Тэр дундаа дотоодод “Ковид-19” дэгдсэн өнгөрсөн нэг сарын хугацаанд мэргэжлийн сэтгүүл зүй үндсэн үүргээ гүйцэтгэж чадахгүйд хүрэв. Тодорхой хэлбэл, хэвлэл мэдээллийн байгууллагынхныг сэтгүүл зүйн үндсэн зарчим, ёс зүйн кодоо баримтлан ажиллахад төр, засгаас хориг тавьж, нэг талын эх сурвалж буюу зөвхөн төрийн байгууллагуудаас өгсөн мэдээллийг түгээж, дамжуулахыг үүрэгдсэн. Үүнийгээ тэд үнэн бодит мэдээлэл хэмээн итгэж, өнгөрсөн дөрөвдүгээр сарын 29-нд баталсан цар тахалтай тэмцэх урт нэртэй хуульдаа заасан байдаг.
Мэргэжлийн сэтгүүл зүй ямар нөхцөлд үүргээ гүйцэтгэдэг вэ гэхээр олон талын асуудлыг хөндөж, түүнийгээ гурав ба түүнээс цөөнгүй эх сурвалжаар баяжуулан, мэдээллийг баталгаажуулж нягталснаар иргэдэд үнэнийг олж мэдэхэд туслах үйл явц юм. Гэтэл УОК, Засгийн газрын хуралдааны тойм, ЭМЯ-ны өдөр бүр хийдэг 11.00 цагийн хэвлэлийн бага хурал сэтгүүлчдийн мэргэжлийн үүрэг, ёс зүйн хэм хэмжээ, иргэдийн мэдэх эрхийг огтоос хангахгүй байна. Ялангуяа цар тахлын онцгой дэглэмтэй энэ үед ЭМЯ-ны мэдээлэл хэт тоймлосон, “түүхий”, хуучирсан арга барилтай, иргэдэд мэдээлэл өгөх гэхээсээ илүүтэй төөрөгдүүлж, талцуулах болов. Үнэн бодит мэдээллийг нуун дарагдуулахыг “хичээж”, баахан тоо л ярьдаг болсон. Сэтгүүлчдийг асуулт асууж, ойлгомжгүйг нь тодруулахад аль болох бултаж, булзааруулан, хариулахаас татгалздаг жишиг тогтоод удлаа. Өөрөөр хэлбэл, цар тахлын үед мэдээллийн нэгдсэн урсгалтай байх олон улсын зарчим манайд хэвлэлийн эрх чөлөөний хаалт болж хувирав.
Төрийн захиргааны байгууллагуудын зөрүүтэй мэдээллийг нэгтгэн нягталж, бодитыг нь түгээсний төлөө сэтгүүлч, хэвлэл мэдээллийн редакцуудыг хүчний байгууллагуудаар дарамтлуулж, торгож, шийтгэхийг урьтал болгож буй нь ардчилсан статустай, чөлөөт хэвлэлтэй оронд байж болохгүй үзэгдэл гэдгийг мэргэжлийн хүмүүс хэлж байна. Хэвлэлийн бага хурал бол сэтгүүл зүйн хамгийн ядмаг, муу эх сурвалж. Гэтэл сэтгүүлчдийг төр, засгийнхны найруулсан хамгийн “муу жүжгээс” мэдээлэл дамжуулахыг зааж, чиглүүлж байгаа нь Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийг бүдүүлгээр зөрчиж буй үйлдэл мөн.
Цар тахлын үеийн Монголын сэтгүүл зүйд тулгамдсан асуудал болон хаалттай мэдээлэл сэдвээр албаны эх сурвалжуудаас дараах зүйлийг тодруулснаа хүргэе.
СЭТГҮҮЛЧИД ЁС ЗҮЙГЭЭ БАРИМТЛАН АЖИЛЛАХАД ХЭЦҮҮ БОЛЛОО
Г.Гүнжидмаа (Хэвлэл мэдээллийн зөвлөлийн гүйцэтгэх захирал):
-Коронавирусийн халдвар гарснаас хойш хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлч, эвсэл, холбоодоос маш их гомдол, санал ирүүлж байна. Тэдний олонх нь цар тахлын үед сэтгүүлчид ёс зүйн хэм хэмжээгээ баримтлан ажиллах хэцүү боллоо хэмээсэн. Тэр дундаа Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдалд шилжсэн өнгөрсөн хугацаанд мэргэжлийн редакцууд сэтгүүл зүйн үүргээ гүйцэтгэхэд хүндрэл учирсан. Хамгийн гол нь цар тахлын үед сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллагынхныг төрийн ажил, мэдээллийг дамжуул гэж шахах ёсгүй. Энэ нь иргэдийн Үндсэн хуулиар олгосон суурь эрхүүдийг зөрчсөн үйлдэл юм. Иргэд, олон нийтийн үнэн бодит мэдээлэл олж авах эрхийг зөвхөн сэтгүүл зүй хангадаг. Гэтэл төр, засаг сэтгүүл зүйн үндсэн үүргүүдийг цар тахлаар далимдуулан боомилж байгаа нь ардчилсан тогтолцооноосоо ухарч буй бэлээхэн жишээ.
Нөгөөтээгүүр, Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулиар хэвлэл мэдээллийн байгууллагын бодлого, агуулгад нь оролцохгүй, бүх төрлийн цензур тогтоохгүй байхыг тунхагласан хэрнээ ялгаварлан гадуурхсаар байна. Тухайлбал, хэвлэлийн бага хурлын үеэр сэтгүүлчдийн асуултад шүүлтүүр тавьж, энэнд нь хариулна, тэрийг нь авахгүй гэж татгалздаг болж. Шүүмжилсэн асуултуудаас аль болох зайлсхийж, бултах янзтай. Төрийн захиргааны төв байгууллагууд мэдээллээ нээлттэй, үнэнээр нь түгээх үүрэгтэй. Гэтэл хэвлэлийн төлөөлөгч гэх орон тооны хүнээрээ мэргэжлийн редакц, сэтгүүлчдэд цензур тогтоолгож, ажлыг нь заах үзэгдлийг манайхан нийтээрээ эсэргүүцэж, шүүмжлэх болсон. Засгийн газраас тогтоосон хорио цээрийн дэглэмийг нийтээрээ л дагаж, мөрдөж байгаа. Гагцхүү хэвлэлийн эрх чөлөөгөөр хүний үндсэн эрхүүд хангагдана гэдгийг хүндэтгэж, сэтгүүл зүйд халдахгүй байх хэрэгтэй. Коронавирус бол дайн биш. Бидэнд цаг зуурт тохиолдсон л сорилт. Харамсалтай нь, төр, засаг цар тахлын энэ үед хамгийн их айдастай байна. Нийгэмд буруу, зөрүү мэдээлэл гарчих вий гэж хэтэрхий эмээсэндээ хүний эрх, хэвлэлийн эрх чөлөө рүү халдаж буй юм. Мэдээлэл хэт хаалттай байх тусам хуурамч нь харин ч их түгнэ шүү дээ. Сэтгүүлчид хуурамч мэдээлэл үйлдвэрлэгчид биш. Онцгой дэглэмтэй энэ үед жирийн иргэд шиг тэднийг гэрт нь хорьчихоод, дуу хоолойг нь боомилж болохгүй. Төрийн мэдээллийг дамжуулсан сэтгүүлчийн гэрт нь очиж мэдүүлэг авсан тохиолдол ч гарлаа. Хэвлэл мэдээллийн зөвлөлөөс эдгээр асуудлыг хөндөн, цар тахлын үед Засгийн газар, УОК болон НОК-той хамтран ажиллах, харилцан ойлголцох албан бичиг 14 хоногийн өмнө хүргүүлсэн ч одоо болтол авч хэлэлцээгүй л байна.
ИРГЭДИЙН АМЬД ЯВАХ, ЭМНЭЛГИЙН ТУСЛАМЖ АВАХ ЭРХ ЗӨРЧИГДӨВ
Б.Пүрэвсүрэн (“Глоб интернэшнл” төвийн хуульч):
-Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацаанд хэвлэлийн эрх чөлөөнд халдсан хэд хэдэн асуудал гарлаа. Үүний улмаас иргэдийн мэдээлэл авах, үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх давхар зөрчигдөж, олон хүнийг торгож, баривчилсан. ЦЕГ-ын өнгөрсөн сарын 25-ны мэдээгээр, Гамшгаас хамгаалах тухай хууль зөрчсөн гэх үндэслэлээр 39 иргэнийг 7-30 хоног баривчилсан байна. Мөн олон нийтийг төөрөгдүүлсэн, худал мэдээлэл түгээсэн 590 гаруй иргэнд Зөрчлийн тухай хуулийн 5.13.1 дэх заалтаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний мөнгөн торгууль ногдуулж, нийт 290 сая төгрөг хураажээ. ЦЕГ болон Харилцаа холбооны зохицуулах хорооны дарга нарын хамтарсан тушаалаар Цар тахлын үед цахим орчинд мэдээлэл түгээх журам баталж, түүгээрээ иргэдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэж байна. Үнэндээ иргэд мэргэжлийн сэтгүүлчид биш учраас хүний нэр төр, байгууллагын ажил, үүрэгт халдахгүйгээр тухайн мэдээллийг нягтлахгүй түгээх эрхтэй. Энэ бол үзэл бодлоо илэрхийлж буй нэг хэлбэр. НҮБ, олон улсын бусад байгууллагынхан ч хөл хорионы дэглэмийн үеэр төр, засаг иргэдийнхээ үнэн бодит мэдээлэл авах, түгээх эрхийг хангаж, анхаарч ажиллахыг зөвлөсөн.
Өөрөөр хэлбэл, Засгийн газар тухайн асуудалтай холбоотой мэдээллийг бүрэн дүүрэн, хоёрдмол утгагүйгээр нээлттэй өгөх ёстой. Үүнийг хангаагүйгээс өнөөдөр олон эрсдэл үүссэн. Иргэдийн хамгийн гол амьд явах, эрүүл мэндээ хамгаалуулах, эмнэлгийн тусламж, үйлчилгээ авах эрх нь зөрчигдөж эхэлснийг олон жишээ харууллаа. Засгийн газар, мэргэжлийн байгууллагуудын уялдаа холбоогүйгээс өнөөдөр мэдээллийн чөлөөт урсгал үгүй болсон. Цар тахалтай холбоотой аливаа мэдээлэл ард иргэдэд шуурхай, үнэн зөв хүрэхгүй байгаагаас эдгээр асуудал үүсээд буй юм. Үүнийг нь хэвлэл мэдээллийн байгууллагууд шүүмжилж, араас нь хөөцөлдөхөөр хаалт тавьчихдаг. Хөл хорионы үеэр албан үүргээ гүйцэтгэж буй байгууллагуудын ажилтнуудад замын хөдөлгөөнд оролцох QR код олгосон шүү дээ. Тэгэхэд телевизүүдэд 10, сонин, сайтуудын автомашинд гурав хүртэлх эрх өгч, ялгаварласан учрыг албаныхан одоо болтол тайлбарлаагүй. 1998 онд баталсан Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуульд хэвлэл мэдээллийн хэрэгслийн чөлөөт байдлыг хязгаарласан хууль гаргахгүй гэсэн заалт бий. Гэтэл ийм хууль гараагүй байхад мэргэжлийн редакц, сэтгүүлчдийн хөлийг хорьсон, хуулиас давсан журам гаргах ёсгүй.
ЗАРИМ УЛС ОРНЫ УДИРДАГЧ ХЭВЛЭЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨГ ХЯЗГААРЛАХ ОРОЛДЛОГО ХИЙЖ ЭХЭЛСЭН
А.Амартүвшин (“Эрэн сурвалжлах сурвалжлагчдын төлөө” төвийн сургагч багш):
-“Ковид-19”-өөр далимдуулан зарим улс орны удирдагч хэвлэлийн эрх чөлөөг хязгаарлах оролдлогууд хийсээр байгааг олон улсын тайлан, мэдээллээс харж болно. Тухайлбал, Олон улсын сэтгүүлчдийн холбооны (IFJ) дэд нарийн бичгийн дарга Жереми “Цар тахал хэвлэлийн эрх чөлөөнд заналхийлж байгаа юм биш. Харин авторитари дэглэм үүнийг “Утаат хөшиг” болгон ашиглаж, цаашлаад хэвлэлийн эрх чөлөөг устгаж байна. Удирдагч нар үүнийгээ түр зуурын арга хэмжээ гэж тайлбарлах ч ихэнхдээ ийм зүйл нь байнгын болж үлддэг” гэжээ.
БНХАУ-д сэтгүүлчдийг хүчээр хөл хорионд оруулж, хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацсан нийтлэлүүдийг нь устгасан. Бүр гадаадын сэтгүүлчдийг хөөн гаргаж, олон улсын хэвлэлд яриа өгсөн хятад үндэстнүүдийг сүрдүүлж байлаа. ОХУ-ын сэтгүүлчид Засгийн газрынхаа үйл ажиллагаа, зохион байгуулалтыг сурвалжилсныхаа төлөө баривчлагдсаар байна. Дижитал цензур, сэтгүүлчдийн эсрэг сүрдүүлсэн кампанит ажил сүүлийн хэдэн сард эрс ихэслээ. Манай улс ч Коронавируст халдвар (Ковид-19) цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийнхаа 14 дүгээр зүйлд хэвлэл мэдээллийн байгууллагын үүрэг юу болохыг тодотгосон. Хууль зөрчсөн тохиолдолд Эрүүгийн, эсвэл Зөрчлийн тухай хуулиар хариуцлага хүлээлгэхээр заасан нь харамсалтай. Ийм хууль, эрх зүйн зохицуулалтыг олон улсад хэвлэлийн эрх чөлөөнд халдсан заналхийлэл гэж үзэж байна. Жишээлбэл, Филиппин болон Камбож манайхтай төстэй хууль баталсан бөгөөд Европын Парламентын тайланд үүнийг хэвлэлийн эрх чөлөөг хязгаарласан үйлдэл хэмээн дүгнэжээ. Монголын сэтгүүлчид цаг ямагт хуурамч мэдээлэлтэй тэмцэж ирсэн. Цар тахлын үед ч ялгаагүй, тэднийг үүргээ гүйцэтгэж, түүх бүтээхэд нь хориг саад тавьж болохгүй.