МҮОНРТ-ийн гадна Үндэсний зөвлөлд нэр дэвшсэн хүмүүсийг эсэргүүцэж тус телевизийн уран бүтээлчид өнөөдөр жагсаал зохион байгуулсан. Энэ үеэр үгээ хэлж, үзэл бодлоо илэрхийлсэн МҮОНРТ-ийн сэтгүүлч Б.Пүрэв нарын гурван хүнийг баривчилсан нь олны анхаарлыг татаж, дургүйцлийг төрүүлээд байна. Тэгвэл тэднийг дөнгөж сая суллажээ.
Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан олон нийтийн арга хэмжээ, жагсаал цуглаан зохион байгуулахыг хориглосон. Энэ дагуу цагдаагийн алба хаагчид жагсагчдад тарахыг шаардсан боловч тэд шаардлагыг үл биелүүлжээ. Улмаар жагсаалыг удирдаж байсан сэтгүүлч Б.Пүрэв нарын гурван хүнийг цагдаа нар баривчилсан юм.
Тэрбээр баривчлагдахын өмнө хэвлэлд ярихдаа "Хоёр сарын турш МҮОНРТ-ын хамт олон удирдах дээд байгууллагадаа бугшсан идээ бээрийг шахаж, уран бүтээлийн эрх чөлөө, шударга ёс, ёс зүйтэй удирдлагатай болохын төлөө тэмцэж байна.
Харамсалтай нь УИХ-ын ТББХ-ны зарим гишүүд хамт олны "тайван" шаардлага эсэргүүцлийг үл ойшоож, өнөөдөр хамт олны огцруулахыг шаардаж тэмцэж байгаа захирлуудын зөвлөлийн гишүүн (MNB 1-р сувгийн захирал)-ыг дэвшүүлэн удирдах дээд байгууллага ҮЗ-ийн гишүүнээр хор, хуйвалдаанаар хүчээр дэмжлээ.
МҮОНРТ бол хэн нэг улстөрч, эрхэм гишүүдийн найз нөхөд, танил талаа хор хуйвалдаанаар шургуулдаг "хогийн сав" чинь биш ээ Ж.Мөнхбат гишүүн ээ. Тэр тусмаа МҮОНРТ-ын хамт олны 500 гаруй хүний эсэргүүцэж байгаа Батцэнгэл гэж 20 жил энэ байгууллагын бүх дарга, захирлын суудалд сууж хамт олон, уран бүтээлчдийг биш амин хувиа бодож ирсэн хүнийг ҮЗ-д оруулах гэж яагаад нэр төрөөрөө дэнчин тавьж дэмжүүлэх хуйвалдаан зохион байгуулав аа? Танд хамт олны үзэн ядалтыг дэвэргэж, бослого үймээнд турхирах ямар шаардлага, ашиг сонирхол байна вэ.
МҮОНРТ бол тэр тусмаа удирдах дээд байгууллага ҮЗ бол салбар бүрийн мэргэшсэн мэргэжилтнүүдийн ухаанаа уралдуулж, уран бүтээлээрээ Монголын 3 сая үзэгчдийг соён гэгээрүүлэх хуулиар хүлээсэн үүрэгтэй олон нийтийн телевиз гэдгийг УИХ-ын энэ гишүүдэд ойлгуулах цаг болсон" хэмээн мэдэгдсэн юм.