Тусгай чиг үүрэгтэй төрийн байгууллагууд хатуу хөл хорионы үед бусдаас илүү сахилга хариуцлагатай байх ёстой. Учир нь тэд татвар төлөгчдийн мөнгөөр цалинждаг. Мөн нийгэмд эмх журам тогтоох, хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, халдвар тараахгүй байх гээд олон үүрэг хүлээсэн, тангараг өргөсөн алба хаагчид. Харамсалтай нь, нэг биш хэд хэдэн төрийн байгууллагын албан хаагчид хатуу хөл хорионы үед ажлын байранд архидсан, сахилга бат алдсан, улмаар хүний амь эрсэдсэн гэх мэдээлэл манай редакцид ирсэн юм. Тухайлбал, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын ажилтан өнгөрсөн долоо хоногт архидан согтуурсны улмаас эрүүлжүүлэгджээ.
Чингэлтэй дүүргийн Цагдаагийн хэлтэст тус дүүргийн ЗДТГ, НМХГ-ын урд талд согтуу хүн байна гэх мэдээлэл ирсэн гэнэ. Дуудлагын дагуу цагдаагийнхан НМХГ-ын үүднээс нэг хүнийг авч, хөлдөж гэмтэхээс урьдчилан сэргийлж эрүүлжүүлсэн байна. Үнэндээ НМХГ-ын ажилтан биш ажилтнууд ажлын байрандаа архидсан сурагтай. Бүр тодруулбал, гуравдугаар давхарт энэ “найр” болсон гэдгийг эх сурвалж мэдээллээ. Хатуу хөл хорионы үед НМХГ-ынхан ард иргэдийг болохгүй хэмээн хорьж цагдаж, архи борлууллаа хэмээн торгож, шийтгэдэг. Харин өөрсдөө ийн ажлын байрандаа архидсан нь ёс зүйгүй үйлдэл хэмээн зарим хүн үзэж байна. Болсон явдлын талаар НМХГ-ын удирдлагаас тодруулахад “Албан хаагчид ажлын байрандаа архидаагүй. Манай нэг ажилтан эрүүлжүүлэхэд хоносон нь үнэн. Цагдаагийн байгууллага шалгаж байгаа” гэв. Гэхдээ тус байгууллагын дарга өнөөдөр ажлын байранд архидсан асуудлаар хүмүүсээ цуглуулан хуралдах зар тараасан байна. Улмаар энэ тухай мэдээллийг бусдад тарааж болохгүй талаар хатуу анхааруулсан байна.
Үүнээс гадна Дорноговь аймаг дахь Хилийн цэргийн 0129 дүгээр анги буюу Улаан-Уулын отрядын Нууцын албаны болон СМССА, Ар тал, хангалт эрхэлсэн орлогч дарга нар нар архи уусан сурагтай. Хатуу хөл хорионы үед алба хаагч нар архидан согтуурсан эсэхийг ХХЕГ-ын Олон нийттэй харилцах албанаас тодруулахад “Улаан-Уулын отрядын шифрийн албаны ахлах офицер ээлжийн амралтаараа сум руу явсан гэх мэдээлэл авсан. Улмаар өнгөрсөн хагассайн буюу амралтын өдөр гэрээсээ гарч яваад осгосон байдалтай амиа алдсан юм билээ. Хувь хүн ажлаасаа гадуур байгаа, тэр тусмаа ээлжийн амралттай үедээ, ажлын бус цагаар чөлөөт цагаа хэрхэн өнгөрүүлж буйг бид хянах боломжгүй. Ер нь ээлжийн амралтаа авч буй бүх хүнд ёс зүйн зөрчил гаргаж болохгүй, нутаг орон руугаа явах бол найдвартай тээврийн хэрэгслээр яваарай гэсэн чиглэл өгсөн. Анги байгууллага дээр гарсан юм уу, хилийн зурваст гарсан асуудал бол бид мэдээлнэ” гэх хариултыг өглөө. Албаны эх сурвалжууд ийн үгүйсгэж, хувь хүнтэй холбон мэдээлж байгаа ч эх сурвалжууд мэдээлэл бодит үнэн болохыг хэлсэн юм.