Сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллагынхан аль ч цаг үед, ямар ч нөхцөлд сурвалжлах эрхээ эдэлж, ард иргэдийн мэдэх эрхийг хангах үүрэгтэй. Сэтгүүлчийн дээрх эрхийг Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулиар хамгаалдаг. Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн энэ цаг үед ч үйл ажиллагаа явуулах зөвшөөрөлтэй 13 салбарын нэг бол хэвлэл мэдээлэл. Гэтэл өнөөдөр цагдаагийн алба хаагчид сэтгүүлчийн сурвалжлах эрх чөлөөг үл хүндэтгэж, эрхэнд халдлаа.
Тодруулбал, МҮОНРТ-ийн гадна Үндэсний зөвлөлд нэр дэвшсэн хүмүүсийг эсэргүүцэж тус телевизийн уран бүтээлчид өнөөдөр жагсаал зохион байгуулсан. Цагдаагийн алба хаагчид энэ үеэр жагсаалыг сурвалжилж байсан ASU.mn сайтын зураглаачийн биед халдаж, камерыг нь булаажээ. Үүгээр ч үл барам хүчээр авч явахыг завдсан байна. Тус сайтынхан цагдаа нараас камераа нэхэхэд, нөгөөдүүл нь буцааж өгөхдөө шууд дамжуулах төхөөрөмжийн антеныг нь сугалж орхисон гэнэ. Үүний улмаас тус камерт багагүй гэмтэл үүссэн хэмээн ASU.mn сайтын сэтгүүлч мэдэгдэв.
Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн энэ цаг үед жагсаал цуглаан зохион байгуулахыг хориглосон. Хэдий тийм ч сэтгүүлчийн сурвалжлах эрхийг хориглоогүй юм шүү. Ардчиллын амин сүнс бол үг хэлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөө гэдгийг эцэст нь сануулж хэлье.
Сэтгүүлчийн аюулгүй байдал бол иргэн таны мэдээлэлтэй байх эрх чөлөө юм.