“Эрүүл мэндийн яамнаас хатуу хөл хориог он дуустал сунгах саналыг УОК-т хүргүүлсэн” гэх мэдээлэл зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарсныг уншигч та бүхэн анзаарсан байх.
Тэгвэл энэ талаар ЭМЯ-наас тодруулахад “Хөл хориог сунгах талаар УОК-т санал хүргүүлээгүй. Гэхдээ эрсдэлийн түвшин маш өндөр гэсэн дүн гарсан. Нөхцөл байдлаа харж байж санал хүргүүлэх эсэхээ шийднэ” гэв.
Харин зарим эх сурвалжийн мэдээлснээр "Хатуу хөл хориог Улаанбаатар хотод дахин гурван хоног буюу 12 дугаар сарын 11-нээс 14-нийг хүртэл, Архангай, Сэлэнгэ аймагт дахин 14 хоног сунгах хувилбарууд УОК-т яригдаж байна" гэжээ.
Дотоодод халдвар бүртгэгдсэнтэй холбоотойгоор халдварын голомтыг тархаахгүй барих, хязгаарлах зорилгоор 12 дугаар сарын 11-нийг хүртэл хэсэгчилсэн хатуу хөл хориог үргэлжлүүлэн тогтоосон. Уг хугацааг сунгах эсэхийг удахгүй УОК–ын ээлжит хуралдаанаар шийдвэрлэнэ.