УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаанаар "Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах талаар чиглэл өгөх тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж байна.
Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, санал хэллээ.
Энэ үеэр УИХ-ын гишүүн С.Ганбаатар: Юуны өмнө ардын намынхан цар тахлын үед үнэхээр хариуцлагагүй ажиллаж байна гэдгийг онцолж хэлье. Энэ тогтоолын төсөлд би хэд хэдэн санал оруулах хүсэлтэйгээ удаа дараа илэрхийлсэн. Түрээс, зээлийн хүүг тэглэе, соёлын төв барих мөнгийг таная, Оюутолгой, Тавантолгой, Эрдэнэт үйлдвэрийн үр ашгийг хямралыг даван туулахад ашиглая гэсэн саналыг би удаа дараа тавьсан. Гэвч хэн ч тоож авч хэлэлцсэнгүй. Учир нь миний санал МАН-ын эрх ашгийг хөндөж буй учраас тэр. Энэ тогтоолын төсөлд бизнес эрхлэгчдийг дэмжих талаар юу ч тусгагдаагүй байна. 770 гаруй мянган хувиараа хөдөлмөр эрхлэгч, 60 гаруй мянган бизнес эрхлэгчийг золиосолсон, ямар ч утгагүй тогтоол батлах гэж байна" гэв.
Хариуд нь УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан: С.Ганбаатар гишүүн ээ, бусдын зовлонгоор улс төр хийж болохгүй шүү. Та энэ төслийн ажлын хэсэгт байгаа учраас зарчмыг зөрүүтэй санал гаргах бүрэн эрхтэй. Гэвч та ажлын хэсгийн хуралд нэг ч суусангүй. Танаас бусад сөрөг хүчнийхэн санал гаргаад, түүнийгээ тогтоолын төсөлд оруулаад болоод л байна. Алсын зайнаас бусдын ажлыг баллуурдаж, бүхэлд нь харлуулах гэж оролдож буй таны үйлдэл ёс зүйд нийцэхгүй байна. Камерын өмнө ард түмэндээ хайртай болж жүжиглэдэг үйлдлээ зогсоо гэж танд зөвлөе. Цар тахлын үед үүссэн асуудлыг шийдвэрлэхэд таны оролцоо нэн чухал байна. УИХ-ын гишүүн юм бол ажлаа хийж, шүүмжлэлээ хууль болго" гэсэн юм.