Их хорийн удирдагчид ядуу буурай орнуудыг орхигдуулахгүй байхын тулд Ковид-19-ийн эсрэг вакцин, эм, сорилын тэгш хуваарилалтыг хангана хэмээн Эр Риядын дээд хэмжээний уулзалтаараа үүрэг хүлээсэн. Эл амлалтынхаа дагуу АНУ, Их Британи, Герман 12-р сараас эхлэн өөрсдийн улсдаа вакцинжуулалтыг эхлүүлэхээр төлөвлөж байгаагаа мэдэгджээ. Мөн Испани улс нэгдүгээр сараас эхлэн иргэддээ вакцин хийж эхлэх аж. Британийн “The Telegraph” сонины мэдээлснээр Их Британи Pfizer-BioNTech вакцины зөвшөөрлийг АНУ-аас түрүүлэн энэ долоо хоногийн эхээр өгч магадгүй юм байна. Туршилтын эцсийн үр дүн 95% амжилтыг үзүүлж, гаж нөлөө илрээгүйгээс хойш Pfizer, BioNTech компаниуд КОВИД-19-ийн эсрэг вакинаа АНУ болон Европт ашиглах онцгой зөвшөөрлийг баталгаажуулж чадах аж.
Америкчууд эхний ээлжийн вакцинаа 12-р сарын 11 гэхэд авна гэж АНУ-ын вакцинжуулалтын хөтөлбөрийн тэргүүн Монсеф Слауи мэдэгдсэнийг CNN Ням гарагт /2020.11.22/ уламжилжээ. "Бидний төлөвлөгөө бол вакциныг батлагдсанаас нь хойш 24 цагийн дотор дархлаажуулалтын цэгүүдэд хүргэхэд оршино. Батлагдсанаас хойш хоёр дахь өдөр нь буюу 12-р сарын 11 эсвэл 12-нд гэж найдаж байна" гэж Слауи хэлсэн байна.
The Telegraph сонин Засгийн газрын эх сурвалжуудыг иш татан мэдээлсэнээр 12-р сарын 1-ний дотор вакцинжуулалтыг зохицуулахад бэлэн байхыг Британийн Үндэсний эрүүл мэндийн албанд тушаасан байна.
Герман улс КОВИД-19 вакциныг ирэх сараас эхлэн хийж эхлэх боломжтой гэж тус улсын Эрүүл мэндийн сайд Йенс Шпахн Ням гарагт мэдэгджээ. Тэрээр хэлэхдээ, Испани ба Герман вакцинжуулалтын төлөвлөгөөг бүрэн боловсруулсан Европын холбооны анхны улсууд гэжээ. "Европт вакцины зөвшөөрөлийг энэ жилд олгоно гэж өөдрөгөөр үзэх үндэслэл бий" гэж Шпахн RedaktionsNetzwerk Deutschland хэвлэлийн бүлэгт өгсөн ярилцлагадаа хэлсэн байна.
Испани улс вакцинжуулалтын цогц хөтөлбөрийг 1-р сард эхлүүлэх бөгөөд гурван сарын хугацаанд хүн амын нэлээд хэсгийг хамарна гэж тооцож байгаагаа Ерөнхий сайд Педро Санчес мэдэгджээ. “Вакцинжуулалтын аян 1-р сард эхлэх бөгөөд нийт 13 мянган вакцинжуулалтын цэг ажиллана. Хүн амын нэлээд хэсэг нь оны эхний улиралд багтаж баталгаатай вакцин хийлгэх боломжтой"гэж Санчесын хэлснийг Reuters иш татжээ.
Үүний зэрэгцээ, Ковид-19 вакцины бараг 2 тэрбум тунг ирэх онд хөгжиж буй орнууд руу илгээх болсоныг НҮБ-ын Хүүхдийн сан Даваа гарагт мэдэгдсэн байна. Тус сан ДЭМБ-ын хамтаар Бурунди, Афганистан, Йемен зэрэг ядуу буурай орнуудад вакцин болон тэрбум тариур хүргэхээр агаарын болон тээврийн 350 гаруй компанитай тохиролцож байгаа аж.