Хөл хорио тогтоогоод байгаа энэ үед Боловсрол Шинжлэх Ухааны Яам хурдан шуурхай ажиллаж, цаг алдалгүй теле хичээлийг өнөөдрөөс шууд дамжуулж байгаа нь сайшаалтай. Нөгөө талаас “Ковид-19” цар тахлаас урьдчилан сэргийлэх, дотоодод халдвар алдсан тохиолдолд авч хэрэгжүүлэх бэлэн байдал сайн хангасны илрэл юм. Тодруулбал, Улсын Онцгой Комиссын 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 12 дугаар тогтоолоор Нийслэлийн хэмжээнд бүх шатны боловсролын байгууллагын хичээл, сургалтын үйл ажиллагааг түр зогсоосонтой холбогдуулан Боловсрол, шинжлэх ухааны яам, Монголын телевизүүдийн холбоо хамтран сурагчдын теле хичээлийг шуурхай дамжуулж эхлэлээ.
Теле хичээл зөвхөн хөл хорионы хугацаанд явагдах бөгөөд 11 дүгээр сарын 11-ний өдрийн 14:00 цагаас сургуулийн өмнөх боловсрол, бага анги, 15:00 цагаас дунд анги, 16:00 цагаас ахлах ангийн хичээлүүд хуваарьт телевизүүдээр гарна. Хичээлийн хуваарийг Боловсрол, шинжлэх ухааны яам албан ёсны пэйжээс харах бүрэн боломжтой.
Хичээлийг хуваарьт телевизүүдээр гаргахаас гадна www.econtent.edu.mn сайтад байршуулна. Үүрэн холбооны дөрвөн оператороос уг системд нэвтрэхэд үнэ төлбөргүй байх юм.
Ташрамд дурдахад, Монгол Улсын Засгийн газраас энэ оны гуравдугаар сард баталсан “Ковид-19” цар тахлаас урьдчилан сэргийлэх, дотоодод халдвар алдсан тохиолдолд авч хэрэгжүүлэх “Хариу арга хэмжээний төлөвлөгөө”-г өнөөдрөөс хэрэгжүүлж эхэлжээ. Энэ хүрээнд нийслэлийн хэмжээнд бүх шатны сургууль, цэцэрлэг, үзвэр, баар, цэнгээний газар болон хотоос гарах хөдөлгөөнийг гурав хоногийн хугацаанд хаагаад байна. Учир нь энэ сарын 6-ны өдөр тусгаарлалтаас гарсан ачаа тээврийн автомашины жолооч болон түүний гэр бүлийн хүнээс коронавирусний халдвар илэрч, онош батлагдсан. Тухайн иргэдтэй ойрын хавьталд орсон 24 иргэнийг ХӨСҮТ-д тусгаарлаад шинжилгээ хийхэд халдвартай жолооч Д-гийн хадам ээж болон тэдэнтэй хамт тоглолт үзсэн дүүгээс нь коронавирус илэрсэн гэж эрүүл мэндийн яамнаас мэдээлсэн.