Өнгөрсөн баасан гаргийн байдлаар түүхий эдийн “Эмээлт” захад ямааны арьс 8000-14 000, нэг кг ноолуурыг 58 000-60 000, хонины нэхийг өлөн гэдэстэй нь 4000 төгрөгөөр худалдан авч байв. Үхрийн ширийг 7000-12 000, цагаан адууны ширийг 45 000 төгрөгөөр үнэлсэн бол тэмээнийх 45 000-50 000, сарлагийнх 8000 орчим төгрөгийн үнэтэй байв. Энэ нь өнгөрсөн зургадугаар сарынхаас хонины нэхий, өлөнгийн үнэ 2.5 дахин өссөн дүн бол ямааны арьс болон ноолуурын ханш тогтвортой байгаа үзүүлэлт юм. Мөн үхэр, цагаан адуу, сарлагийн ширний үнэ 3000-5000 төгрөгөөр нэмэгдсэн дүн аж. Дээрх захад нэг тонн хорголжин тэжээлийг 550 000, саамшуулах нь 715 000, багсармал нь 600 000 төгрөгөөр борлуулж байсан нь өнгөрсөн жилийн мөн үеийнхээс 10-20 хувиар өссөн дүн гэнэ.