Данийн нутаг дэвсгэрээс илрүүлэн, судалж буй олон тооны глендонит буюу янз бүрийн хэлбэртэй болор талстыг Пареоген галавын дунд үед, тодруулбал, Эоцений эхэн үед үүссэн болохыг тогтоожээ. 56-48 сая жилийн өмнө гэсэн үг. Тухайн эрин үед дэлхийн агаар мандлын температур багадаа 35 градус байсан. Гэтэл ийм талстууд бий болох нөхцөл нь цельсийн дөрвөн градусаас бага байх “номтой”. Тэгтэл ийм ховор глендонит олдсон нь тайлагдашгүй нууц хэмээн судалгааны багийг ахалж буй Николас Тибаулт мэдээлжээ. Түүний удирдлагад ажиллаж байгаа олон улсын судлаачид том, жижиг хэмжээтэй болруудын дээжид химийн нарийвчилсан шинжилгээ хийснийхээ дараа “Эоцений эриний цаг агаар, агаар мандлын температурын талаарх ойлголтоо эргэн харах хэрэгтэй. Бидний үзэж буйгаар, тэр үед дэлхий дээр жигд дулаан биш байсан. Өмнө нь ч Эоцен эриний цаг уур хэлбэлзэлтэй байсан гэсэн таамгийг олон орны эрдэмтэд гаргасан ч нотолгоо нь эргэлзээтэйгээс баталж чадаагүй юм. Шинэ химийн задралын аргаар өдгөө үүнийг нотлох боломжтой. Глендонитууд дөрвөөс доош градустай усанд, 300 метрийн гүнд үүссэн гэж таамаглаж байна” гэжээ.
Бэлтгэсэн: Ж.Хаан